
Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг 2023 оноос 2025 оны эхний хагас жилийн байдлаар судлахад, эрх бүхий албан тушаалтан 2023 онд 197, 2024 онд 300, 2025 оны эхний хагас жилд 188 буюу нийт 685 зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
Мансуурах зөрчилд 2024 онд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг 2023 оноос 52.3 хувиар, 2025 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь 2024 оны мөн үеэс 63.5 хувиар өссөн байна. Мансуурахтай холбоотой зөрчил Нийслэлд 604, орон нутагт 81 тохиолдол бүртгэгдсэнээс Дархан-Уул аймагт 26, Орхон аймаг 9 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар мансуурахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 685 хэргээс 532 хэрэгт холбогдуулан 787 хүнийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 474 хэргийн 715 хүнд шийтгэл оногдуулснаас 139 хүнд торгох, 576 хүнийг баривчилж шийдвэрлэжээ.
2024 онд 243 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 50.1 хувиар, 2025 эхний хагас жилд 128 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 50.6 хувиар тус тус өссөн.
Шүүхээс 2024 онд баривчлах шийтгэл оногдуулсан хүний тоо 2023 оноос 57.2 хувиар өссөн, 2025 оны эхний хагас жилийн байдлаар баривчлагдсан хүн 2024 оны мөн үеэс 22.1 хувиар буурсан. Торгох шийтгэл оногдуулсан хүн 2024 онд өмнөх 2023 оноос 16.7 хувиар буурч, 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2024 оны мөн үеэс 2.6 дахин өссөн байна.
Шүүхээс шийтгэл оногдуулсан 715 зөрчлийн холбогдогчийг насны ангиллаар нь авч үзвэл, 18 хүртэлх насны 148, 18-25 хүртэлх насны 347, 26-35 хүртэлх насны 129, 36-46 хүртэлх насны 64, 46-55 хүртэлх насны 21, 56 наснаас дээш 6 иргэн байна. Хүйсийн хувьд 84.6 хувь нь эрэгтэй, 15.4 хувь нь эмэгтэй байна.
Зөрчлийн холбогдогчид Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан өвс, мөс зэрэг бодис хэрэглэж мансуурсан 348, будаг шингэлэгч, газ үнэртэж мансуурсан 108, эм хэрэглэж мансуурсан 192, бусад төрлийн бодис хэрэглэж мансуурсан 67 хүн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
УЕПГ: Мансуурах зөрчлийн хэрэг 63.5 хувиар өсчээ | ||
Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.