
Таван цул эрхтний нэг болох зүрх цээжний хөндийн зүүн талд уушгины доод хонхорт байрлах булчинлаг эрхтэн юм. Тухайн хүний нас, хүйс болон бусад онцлогоос хамааран янз бүрийн хэмжээтэй байж болох ч ойролцоогоор уг хүний атгасан гарын дайтай байдаг гэж үздэг. Зүрх рүү венийн /хураагуур судас гэх/ судсаар дамжин орж ирсэн нүүрсхүчлийн хий зонхилсон цусыг уушги руу дамжуулан тэнд хүчилтөрөгчөөр баяжуулаад буцааж эд эрхтэнд тараах үндсэн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн мөн. Өөрөөр хэлбэл, цусны энэ хоёр тасралтгүй эргэлтийн хүчээр хүн амьдарч, өсөж төлжиж, өвчин эмгэгийг эсэргүүцэж, урт наслах боломжоор хангагддаг. Судалгаагаар бол нас бие гүйцсэн эрэгтэй хүний зүрх ойролцоогоор 340 гр, эмэгтэй хүнийх 250-280 гр орчим байх ба нэг минутанд дунджаар 5.5 литр цус хүлээн авч, бүх биеэр тараадаг. Гэхдээ биеийн хүчний хөдөлмөр, биеийн тамирын дасгал зэрэг хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд минутанд 30 хүртэл литр цус шахах хүчин чадалтай. Зүрхний дотор талд дөрвөн хөндий байх ба хөндийнүүд хоорондоо холбогдох нүхтэй, нүх тус бүр шаардлагатай үед нээгдэж, хаагдаж байх хавхлагатай байдаг юм. Хавхлагууд цусны орж гарах эрэмбэд тохируулан ээлж дараагаар нээгдэж, хаагдаж байхаар бүтэцтэй. Зүрх ерөнхийдөө орой нь доошоо харсан конус хэлбэртэй байх бөгөөд хөндийнүүдийг баруун, зүүн гэж ангилах ба дээд талын хоёр хөндийг баруун, зүүн тосгуур, доод талын хоёр хөндийг баруун, зүүн ховдол гэж нэрлэдэг.
Хүний биеэс ирж буй венийн цус баруун тосгуурт орох ба энэ үед тосгуурын дээд хавхлага хаагдаж тосгуур агшин баруун ховдлын хавхлага нээгдэж цус тийшээ шахагдана. Дараа нь уушги руу цус орох хавхлага нээгдэн цус уушгинд ороод хүчилтөрөгчөөр баяжих ба буцаж ирэх артерийн цус зүүн тосгуурт орно. Зүүн тосгуурын хавхлага нээгдэж, зүүн ховдолтой хавхлага хаагдана гэсэн үг. Цус орж дуусмагц тосгуур, ховдол хоорондын хавхлага нээгдэж тосгуурын булчин агшина. Ходоод цус дүүрмэгц дээд хавхлага хаагдаж зүүн ховдлоос эд эрхтэн рүү цус шахагдана. Энэ бүх үйл явц дэс дараатай хэдий ч үндсэндээ жигд хэмээр зэрэг зэрэг явагдаж байдаг гэж ойлгож болно. Ийнхүү зүрх, уушги хоёрын хооронд цус солигдож буй эргэлтийг цусны бага эргэлт гэх ба зүрхний зүүн ховдлоос бүх эд эрхтэнд артерийн цус тараад эргэж венийн цус болон эргэлдэхийг нь цусны их эргэлт гэж нэрлэдэг. Зүрхний зүүн ховдол агших үед цус хамгийн том бүдүүн судсанд ордог ба энэ судсыг гол судас буюу аорт гэнэ. Зүрхнээс эхэлсэн гол судас дээшээ хүзүүний хоёр талаар өгсөх ба үүнийг гүрээний артери, харин доошоо уруудан хоёр гуяны дотуур явах артерийг цээжний, бүсэлхийн гуяны гэхчлэн ялгаж нэрлэдэг. Эдгээр гол судсууд дээр судасны цохилт буюу, зүрхний агших, тэлэх хэмнэлийг чагнах, тэмтрэх зэргээр шалгадаг төдийгүй шаардлагатай үед хүнийг сэхээн амьдруулах, эм тариагаа маш хурдан үйлчлүүлэх зорилгоор шууд хатган тарих, байнгын гуурс тавин дусал холбох зэргээр ашигладаг шүү дээ. Ийм зорилгоор хамгийн өргөн ашигладаг артерийн бүдүүвтэр судас бол эгэмний доорх артер байдаг. Гэхдээ артерийн судсанд тариа хийх үйлдлийг дадлага туршлагатай эмч хариуцан хийх ёстой байдаг нь гарч болох хүндрэлтэй холбоотой. Артерийн судсыг олохгүй олон дахин хатгалт хийснээс орчны эрхтэнг гэмтээх, судасны ханыг нэвт хатган цус алдуулах, халдвар дамжуулах гээд амь насанд эрсдэлтэй хүндрэл цөөнгүй. Тиймээс мэргэжлийн биш хүн зайлшгүй шаардлагаар тариа хийх бол нүдэнд ил харагдах хамгийн тод, бүдүүн венийн судсыг сонгох хэрэгтэй. Ийм судас бол буглаганы, гарын сарвууны арын, эрхий хурууны гадна талыг дагасан арьсанд хамгийн ойр судсууд юм.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Зүрх ба цусны эргэлтийн тухай | ||
Үзсэн: 20256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.