Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2025-06-23 15:27:14

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдал болон бусад цаг үеийн асуудлын талаар хэлэлцэв.

Хурлын эхэнд НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Энэ сарын 20-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан 9096 тохиолдол бүртгэгдсэн бол үүний 46.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ талаар НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй “Нийт хавьтал болсон 54.360 хүүхдээс УГУ бүрэн тунд 14.924 хүүхэд хамрагдсан байна. Дархлаажуулалтын бүрэн тунгаа аваагүй 39.436 хүүхэд байсан. Үүнээс 32.042 хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад байна. Түүнчлэн дархлаажуулалтаас хоцорсон нөхөн дархлаажуулах шаардлагатай 10-14 насны 42.505 хүүхэд байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлыг Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун танилцууллаа.

Агаарын дундаж температур 2025 оны зургаадугаар сарын дунд арав хоногийн байдлаар 14.8 хэм дулаан буюу ОЖД-ийн орчим байв. Харин хур тунадасны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар бага байна. Түүнчлэн зургаадугаар сарын 26, 27 болон долоодугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Зургаадугаар сарын 23, 24, 25-нд шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2 хүртэл сэрүүсэж шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун “Хөрс маш их хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо ороход хөрсний шингээх чадвар эрс багасдаг тул үер болох магадлал өндөр байна.  Хэт хуурай, гандуу байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийх шаардлагатай” гэлээ.

Энэ үеэр НОК-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, эм тарианы нөөцийн судалгааг гаргуулан эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, вакцинжуулалтад хамруулах, халдвар тархах эрсдэлээс сэргийлэх,
  • Товлолт дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх, дархлаажуулалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө 95 хувьд хүргэх,
  • Үерийн далан сувгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж хэвийн ажиллагааг хангуулах,
  • Цаг агаарын халалтын улмаас хуурайшилттай энэ үед ногоон бүсэд иргэд олноор амарч, аялах тохиолдол их байгаатай холбогдуулан ой хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй