
Хүний биеийн дотор талд байрлах ёстой эрхтэн ямар нэг шалтгаанаар гадагшаа цүлхийж гарахыг ивэрхий гэж нэрлэдэг. Ивэрч гардаг гэсэн үгнээс үүдэлтэй. Ивэрхий ихэнхдээ төрөлхийн байх боловч цөөнгүй тохиолдолд гэмтэл буюу түүнтэй төсөөтэй хүчин зүйлийн нөлөөгөөр арьс, шөрмөс язарч иврэх нь бий. Хаана ивэрсэн, тэрчлэн ивэрхий дотор ямар эрхтэн цүлхийж гарснаас хамааран нэршил нь өөр өөр байдаг. Жишээ нь, гавлын яс цөмөрсөн тохиолдолд тархи аль нэг тийш ивэрч болох бол өрц гэмтсэнээс цээжний хөндийн эрхтэн хэвлий рүү, эсвэл гэдэс цээжний хөндий рүү ивэрч болно. Хамгийн элбэг тохиолддог ивэрхий бол цавины ивэрхий. Хөл рүү явдаг гол судас, мэдрэлийн ширхэгүүд хэвлийгээс цавины дотор талаар дамжин дотогш чиглэдэг. Эдгээр судсыг дамжуулахад зориулагдсан суваг байдаг гэсэн үг л дээ. Тэр сувгийн амсар ямар нэг шалтгаанаар, эсвэл төрөлхийн сулавтар болсноос шалтгаалан гэдэс дотор доош ивэрч, гуяны дотор талд бөмбийх ба эрэгтэйчүүдийн хуухнаг руу ивэрч ордог. Дутуу төрсөн, биеийн эсэргүүцэл сул, хүнд өвчнөөр удаан өвчилсөн, их гүйлгэсэн зэрэг шалтгаанаар эрэгтэй хүүхдэд цавь болон хүйсний ивэрхий илрэх нь их байдаг. Ихэнх тохиолдолд хүүхэд уйлах, өтгөн нь хатаж хий дүлэх зэрэг үед хуухнаг нь томорч иврэх ба бусад үед буцаж орчихоод байдаг. Эцэг, эхчүүд ч тос түрхэж зөөллөсөн гараар эвтэйхэн илээд буцааж оруулчихдаг. Ингэсээр хүүхэд хоёр, гурван нас хүрэхэд аяндаа бие нь чангаран иврэхээ больдог. Хүйсний ивэрхийн нүх жижгэвтэр бол даавуугаар жийрэглэн зоосон мөнгөөр дарж боодог уламжлал байсан.
Нүх нь жижиг бол мөн л хэвлийн булчингууд чангараад ирэхээр аяндаа эдгэх нь цөөнгүй. Гэхдээ л эмчид хандах нь зүйтэй. Эмэгтэйчүүдэд ч гэсэн хүндрэлтэй төрсний дараа гуяны дотор тал цавь орчимд ивэрхий үүсэх нь бий. Ердийн үед онцын зовиурлахгүй ч бие засах, ханиах, найтаах үед төмбийж гараад байдаг. Ивэрсэн хэсэгт сэмж, чацархай, гэдэс голдуу түрж ордог учир хамаагүй шахах, дарах зэргээр хүчлэн оруулах нь осолтой. Ялангуяа хуухнагт орсон ивэрхий буцаж оролгүй шахагдах, хүчлэн дарснаас судас гэмтээж хавагнуулах осолтой. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахгүй бол ивэрхийн уутанд хавчигдсан гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саатаж, улмаар түгжрэл үүсэх аюултай байдаг. Хавчигдсан ивэрхийг тэр дор нь эмчлүүлэлгүй 1-2 цаг өнгөрөхөд цусны гүйдэл нь саатсан гэдэс, сэмж, чацархай үхжиж, тайрч авахаас өөр эмчилгээгүй болдгийг мартаж болохгүй. Харин цавины ивэрхий хавчигдах нь ховор ч гэлээ эмчилгээ хийлгэхгүй удваас аажим томорсоор эгзэг таарвал хавчигдах магадлалтай. Ер нь ямар ч төрлийн ивэрхийн гол хүндрэл хавчигдах, дарагдах, цоорох, үрэвсэх байдлаар даамжирдаг юм. Ивэрхий үүссэн үед илрэх шинж тэмдэг тодорхой учир оношлоход төвөггүй. Урьдчилан сэргийлэх үндсэн арга нь хүүхэд, том хүн ялгаагүй биеийн эсэргүүцэл сайжруулах, булчин чангаруулах дасгал, хөдөлгөөн л хийх хэрэгтэй. Ялангуяа биеийн хүчний хүнд хөдөлмөр хийдэг, биеийн тамирын хүнд дасгал шаардагдах тохиолдолд хамгаалалтын бүс, даруулга хийж байх нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд зориулалтын даруулга тогтмол хэрэглэх нь ивэрхийгээс хамгаална. Харин тархины болон өрцний ивэрхийн үед мэс заслын аргаар эмчилдэг юм. Өрцний ивэрхий гадна талдаа илрэх шинж тэмдэггүй болохоор рентгений төрлийн ЭХО, компьютер зэргээр оношлуулна. Гэдэс дотроос гадна эрэгтэйчүүдэд судасны багц хуухнагт орох ивэрхий тохиолддог. Түүнийг варикоцел гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, венийн судаснууд багцаараа ивэрхийн сувгаар унжиж хуухнагт орно гэсэн үг. Ямар нэг зовиур гарахгүй ч бие засах, ханиах, найтаах үед хуухнаг цүлхийн томрох ба тэмтэрч үзвэл өргөсөж гүрийсэн судаснууд мэдрэгддэг. Мөн л хавчигдах осолтой тул эмчид хандаж мэс заслын эмчилгээ хийлгэдэг юм. Цаг тухайд нь эмчлүүлвээс ивэрхий тийм ч аюултай өвчин биш. Гэхдээ л тайвширч, алгуурлаж болохгүй.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Ивэрхийн тухай ойлголт | ||
Үзсэн: 15950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.