
"Токио-2020" олимп, паралимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болохтой холбогдуулан Япон Улсын Шизүока, Нийгата мужуудаас манай улсын Эрүүл мэнд, спортын яаманд 2020 оны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэхэд болон "Рио-2016" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл хангуулахад хамтран ажиллах хүсэлт гаргажээ.
Үүний дагуу Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн сард Япон улсын Фукуока, Шизүока, Нийгата мужуудад ажиллажээ. Энэ үеэр дэд сайд Т.Болдбаатар Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйтатай уулзаж Япон улсын Шизүока муж, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам хооронд 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадам, Паралимпийн наадамд Монголын тамирчдыг бэлтгэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурсан байна. Мөн мужийн зүгээс жил бүр тодорхой тооны биеийн тамир, спортын мэргэжилтнийг япон хэлний сургалтанд суралцуулах боломжтой талаар ярилцжээ. Шизүока мужийн хувьд чөлөөт бөх, жудо бөх болон паралимпийн болон бусад спортын төрлүүдээр манай тамирчдыг үнэ төлбөргүй бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Нийгата мужийн зүгээс манай эмэгтэй чөлөөт бөх, усанд сэлэлт, багийн спортын төрлүүд гэх мэт 10 гаран спортын төрөл, өвлийн спортын төрлүүдээр тамирчдыг бэлтгэх, тамирчдад спортын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлжээ.
Олимпийн наадамд оролцох тамирчдыг Японд бэлтгэл хангуулна | ||
Үзсэн: 1771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.