Шууд Chart

Сирийн химийн зэвсгийн хэрэглээний талаар АНУ-ын Засгийн газар дүгнэлт гаргажээ

2013-09-01 10:15:16

Сирийн Засгийн газрын химийн зэвсгийн хэрэглээнийн талаар АНУ-ын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 21-нд ийм дүгнэлтийг гаргажээ.

Сирийн Засгийн газар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дамаскийн ойролцоо химийн зэвсэг ашиглан халдлага хийсэн гэсэн дүгнэлтийг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас итгэл дүүрэн хийж байна. Улмаар Сирийн дэглэм энэ үйлдэлдээ мэдрэлд нөлөөлөх бодисыг ашигласан гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Бүхий л эх сурвалжид тулгуурласан эдгээр дүгнэлтүүд нь ихээхэн хэмжээний нээлттэй мэдээллүүд болон хүний, дохион, мөн гео-орон зайн мэдээллүүд дээр үндэслэсэн. Нууцлалын зэрэглэл бүхий дүгнэлтийг бид АНУ-ын Конгресс болон олон улсын гол түнш улсуудтай хуваалцсан байгаа. Бид мэдээллийн эх сурвалж болон аргыг хамгаалахын тулд байгаа бүх мэдээллийг нийтэд дэлгэх боломжгүй боловч доорх нь болсон үйл явдлын талаар АНУ-ын Тагнуулын байгууллагаас гаргасан нууц бус дүн шинжилгээний эмхэтгэл юм.

Сирийн Засгийн газрын 8 дугаар сарын 21-ний химийн зэвсэг ашиглалт

Дамаскийн ойролцоо 8 дугаар сарын 21-нд химийн зэвсгийн халдлага болсон гэдгийг олон тооны хараат бус мэдээллийн эх сурвалжууд нотлож байна. Энэ талаар АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээлэл дээр нэмээд олон улсын болон Сирийн эрүүл мэндийн ажилчдын мэдэгдэл; видеонууд; гэрчийн мэдэгдлүүд; Дамаск хот болон эргэн тойрны 12-оос багагүй газраас нийгмийн мэдээллийн хэрэгсэл буюу сошиал медиа ашиглан тараасан мянга мянган мэдэгдлүүд; сэтгүүлчдийн мэдээлэл болон өндөр итгэл хүлээсэн төрийн бус байгууллагуудаас илгээсэн мэдээллүүд байна.

АНУ-ын Засгийн газрын урьдчилсан дүгнэлтээр химийн зэвсгийн халдлагын улмаас 1429 хүн амиа алдсан гэж тогтоогоод байгаагийн 426 нь хүүхэд байна. Мэдээлэл нэмэгдэхийн хэрээр энэхүү тоо өөрчлөгдөх болно.

8 дугаар сарын 21-нд Дамаскийн ойролцоо химийн зэвсгийн дайралтыг эсрэг хүчнийхээ эсрэг Сирийн Засгийн газраас хийсэн гэдэг дүгнэлтдээ итгэл өндөр байгаа ба энэхүү халдлагыг эсрэг хүчнийхнээс зохион байгуулсан гэсэн хувилбар нь маш бага магадлалтай гэж дүгнэж байна.Сирийн дэглэмийн энэхүү халдлагыг төлөвлөн хийсэн бэлтгэл болон тэдний хүргэлтийн аргуудын тухай мэдээлэл, тухайн халдлага болон халдлагын нөлөөллийн талаарх хэд хэдэн эх сурвалжийн мэдээллүүд, халдлагын дараа хийсэн бидний ажиглалт, мөн Сирийн дэглэм болон эсрэг хүчнийхний хоорондын хүчний ялгаа зэрэг мэдээллүүд дээр тулгуурлан энэхүү дүгнэлтийг хийсэн болно. Бидний өндөр итгэл бүхий дүгнэлт нь АНУ-ын мэдээллийн холбооныхны нотолж байгаагаар үнэн зөвд хамгийн ойр юм. Бид болсон үйл явдлыг ойлгоход тус дөхөм болох нэмэлт мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулсаар байх болно.

Нөхцөл байдал: Сирийн дэглэм нь гичний, сарины болон ви-экс хий зэрэг олон тооны химийн зэвсгийн нөөцтэй ба байлдааны химийн бодисуудаар хангахад ашиглаж болох цэргийн мянга мянган үйлвэрүүдтэй. Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Асад нь химийн зэвсгийн хөтөлбөрийн гол шийдвэр гаргагч ба итгэлтэй болон аюулгүй байдлыг хангахын тулд шалгалт судалгааг хөтөлбөрийн гишүүдэд сайтар хийдэг. Сирийн Батлан хамгаалахын яаманд харъяатай Сирийн Шижлэх Ухааны Судалгаа Шинжилгээний Төв (СШУСШТ) нь Сирийн химийн зэвсгийн хөтөлбөрийг хариуцан ажилладаг.

Сирийн дэглэм нь өнгөрсөн онд сөрөг хүчнийхээ эсрэг хэд хэдэн удаа Дамаск хавийг оруулаад багахан хүрээнд химийн зэвсэг ашигласан гэдэгт өндөр итгэлтэй байна. Энэ дүгнэлт нь Сирийн эрх баригчид химийн зэвсгийн халдлага төлөвлөн, хэрэгжүүлсэн гэсэн мэдүүлэг бүхий мэдээллийн олон тооны сурвалж, хэд хэдэн хүмүүсээс авсан физиологийн дээжийг саринд хордсон гэсэн дүгнэлт бүхий лабораторийн судалгаануудад суурилсан болно.

Бид эсрэг хүчнийхэн нь химийн зэвсэг хэрэглээгүй гэсэн дүгнэлтийг хийж байна. 8 дугаар сарын 21-ний халдлага үйлдэхэд ашиглагдсан зэвсгийн төрөл бидний дүгнэж байгаагаар Сирийн дэглэмд байгаа ба хэд хэдэн өөр байршил руу нэгэн зэрэг цохилт өгөх чадвартай. Эсрэг хүчнийхнээс 8 дугаар сарын 21-ний өдрийнх шиг өргөх хүрээний, тодорхой чиглэл бүхий пуужингийн болон их бууны дайралт явуулсан гэсэн ямар ч шинж тэмдэг бидэнд харагдаагүй.

Сирийн дэглэм нь сүүлийн жилд ялалтад хүрэх, эсвэл стратегийн ач холбогдол бүхий нутаг дэвсгэрийг эзлэн авч эзэмшихэд хүндрэл үүссэн үед мухардлаас гарахын тулд химийн зэвсгийг ашигласаар ирсэн гэж бид дүгнэж байна. Энэ утгаараа бид Сирийн дэглэм нь химийн зэвсгийг агаарын бөмбөгдөлт, баллистик пуужингийн адил сөрөг хүчнийхээ эсрэг хэрэглэдэг олон хэрэгслүүдийнхээ нэгд тооцдог гэж үзэж байна. Нийслэл дэх эрх баригч хүчний байг дайрахад бэлтгэн Дамаскийн ойролцоох газрыг бааз болгон ашиглаж байсан сөрөг хүчнийхнийг устгах санаачлагыг эрх баригч дэглэм гаргасан. Сирийн дэглэм нь өөрийн уламжлалт зэр зэвсгийн системийг ашигласан боловч 8 дугаар сарын 21-нд довтолсон дүүргийг оруулан Дамаскийн ойролцоох дүүргүүдийг эсрэг хүчнийхнээс цэвэрлэж чадаагүй байна. Иймд бидний дүгнэж байгаагаар Сирийн дэглэм Дамаскийн томоохон бүсийг эрхэндээ авч чадаагүйдээ бухимдсан байдал нь тэдний 8 дугаар сарын 21-нд химийн зэвсэг ашиглах шийдвэрт нөлөөлсөн болов уу.

Бэлтгэл:

Бидэнд байгаа мэдээлэл нь СШУСШТ-тэй холбоотой гэж дүгнэгдэж байгаа мэргэжилтнүүдийг оруулаад Сирийн химийн зэвсгийг хариуцсан мэргэжилтнүүд тус дайралтаас өмнө химийн зэр зэвсгүүдийг бэлтгэж байсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Бид дайралт болохоос гурав хоногийн өмнөөс химийн зэвсгийн дайралттай холбоотойгоор Сирийн дэглэмийн явуулж байсан үйл ажиллагааг илчилсэн хүний, дуу дохионы болон гео-орон зайн мэдээллүүдийг цуглуулсан. Сирийн химийн зэвсгийн мэргэжилтнүүд 8 дугаар сарын 18-ны Ням гарагаас 8 дугаар сарын 21-ний Лхагва гарагийн өглөө болтол Сирийн дэглэм сарин зэрэг химийн зэвсгүүдээ найруулахдаа ашигладаг бүсийн ойролцоох Дамаскийн захын Адра хотод ажилласан. 8 дугаар сарын 21-нд Сирийн дэглэмийн бүрэлдэхүүн этгээд хорт утааны маск өмсөн Дамаскын бүсэд химийн зэвсгийг халдлагад бэлтгэсэн. Манай Дамаскийн бүс хавийн эх сурвалжууд халдлагаас өмнөх өдрүүдэд эсрэг хүчний хамтрагчид химийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан гэх шинж тэмдэг илрүүлээгүй байна.

Халдлага:

Мэдээллийн хэд хэдэн урсгалууд Сирийн дэглэм нь 8 дугаар сарын 21-ний өглөө Дамаскийн ойролцоох бүсийн эсрэг пуужин болон их бууны дайралт хийсэн гэдгийг харуулж байгаа. Хиймэл дагуулын мэдээлэл Сирийн дэглэмийн мэдлийн бүсээс химийн халдлага болсон Кафр Батна, Жавбар, Айн Тарма, Дараийяа болон Муаддамиа зэрэг газрууд дахь суурин луу дайралт явагдсан гэдгийг баталж байна. Үүнд Сирийн дэглэмийн мэдлийн бүсээс өглөө эрт, химийн халдлагын анхны мэдээлэл нийгмийн мэдээллийн хэрэгслүүдээр тараагдаж эхлэхээс ойролцоогоор 90 минутын өмнө пуужин хөөрснийг мэдэгдсэн мэдэгдэл мөн орно. Нислэгийн болон тийрэлтэт пуужингийн ажиллагаа байгаагүй нь Сирийн дэглэмийг дайралтандаа пуужин ашигласан гэх дүгнэлтэд хүргэж байна.

Орон нутгийн чанартай нийгмийн мэдээллийн хэрэгслүүд Дамаск дахь химийн халдлагын тухай орон нутгийн цагаар 8 дугаар сарын 21-ний өглөөний 2 цаг 30 минутаас мэдээлж эхэлсэн. Дараагийн дөрвөн цагийн дотор Дамаск хавийн дор хаяж 12 өөр газраас энэхүү халдлагын талаарх мянга мянга мэдээллүүд нийгмийн мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ. Хэд хэдэн хэрэглэгч химийн бодисоор дүүргэгдсэн пуужингууд эсрэг хүчнийхний эзэмшлийн бүсүүдийг онож байгааг дүрсэлсэн байна.

Өндөр итгэл бүхий нэгэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр Дамаск бүсийн гурван эмнэлэг 8 дугаар сарын 21-ны өглөө гурван цагийн дотор мэдрэлд нөлөөлөх бодист нэрвэгдсэн байх магадлал бүхий шинж тэмдэгтэй 3600 орчим өвчтөнийг хүлээн авсан байна. Бүртгэгдсэн шинж тэмдгүүд, асар их хэмжээний өвчтөнүүдийн бага хугацаанд орж ирсэн урсгал, өвчтөнүүдийн ирсэн голомт, эмнэлгийн болон анхны тусламжийн ажилчид халдвар авсан зэрэг үйл явдлын эпидиомологийн хэв шинжүүд нь ихээхэн хэмжээний мэдрэлд нөлөөлөх бодисын нөлөөлөлд орсныг илэрхийлж байна. Бид мөн тус бүсэд ажиллаж байгаа олон улсын болон Сирийн эмнэлгийн ажилчдаас мэдээлэл хүлээн авсан.

Бид халдлагатай холбоотой, үүн дотор нилээд нь нь мэдрэлд нөлөөлөх бодисын нөлөөнд орсон байх магадлалтай бие махбодийн шинж тэмдэг бүхий олон тооны биесийг харуулсан нэг зуун видео бичлэг олж аваад байна. Ухаан алдалт, ам хамраар хөөс сахран гарсан, нүдний хүүхэн хараа нарийссан байдал, зүрхний цохилт хурдсах болон амьсгалын хүндрэл зэрэг шинж тэмдэгүүд халдлагад өртөгсөдөд илэрсэн талаар бүртгэгдсэн байна. Хэд хэдэн видео бичлэгүүд олон тооны ямар нэг нүдэнд харагдах бэртэлгүйгээр зуурдаар нас барагчид буюу химийн зэвсэгээс үүдэлтэй нас баралтын шинжтэй тохирсон, харин шарх үүсгэгч хордуулах бодисны нөлөөлөл, тэсрэгч дэлбэрэх зэвсэг, эсвэл бууны сум зэрэгт өртөн нас барсан байх шинж тэмдгүүдтэй тохирохооргүй нас барагчдыг харуулсан байна. Нийтэд дэлгэсэн видеонууд нь дор хаяж 12 өөр байрлалыг харуулж байгаа ба шинжилгээгээр зарим нь дээр нь тодорхойлсноор ойролцоо цаг болон байрлалд бичигдсэн байсан.

Эдгээр бүх бичлэгүүд болон энэхүү химийн халдлагатай холбоотой хийсэн эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон бусад төрийн бус байгууллагуудын шалган тогтоосон бие махбодийн шинж, бусад холбогдолтой мэдээллүүдийн Сирийн эсрэг хүчнийхнийг хуурамчаар үйлдэх чадамжгүй гэж бид дүгнэж байгаа.

Бидэнд байгаа Сирийн урьдын дадал зэргийг оруулсан мэдээллүүд нь Сирийн дэглэмийн албаныхан 8 дугаар сарын 21-ний халдлагыг урьдаас төлөвлөж, явуулсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Бид 8 дугаар сарын 21-нд Сирийн дэглэмээс химийн зэвсэг хэрэглэснийг батлан, НҮБ-ын шалгагч нар нотлох баримт олох вий хэмээн санаа зовсон тус довтолгоотой ойрын холбоо бүхий ахлах албан хаагчийг хамарсан харилцаа холбоог дундаас нь барьж чадсан.

8 дугаар сарын 21-ны үдээс хойш Сирийн химийн зэвсгийн мэргэжилтнүүд ажиллагааг зогсоох заавар авсан гэсэн мэдээлэл бидэнд байна. Мөн цагт Сирийн дэглэм химийн халдлага болсон дүүргүүдэд их бууны гал нээлтийг эрчимжүүлсэн. Халдлага болсноос 24 цагийн дотор өмнөх арван өдөр үйлдэж байсан дундаж хэмжээнээсээ дөрөв дахин их хэмжээний их бууны болон тийрэлтэт пуужингийн галлалт хийсэн шинжийг илрүүлсэн. Бид 8 дугаар сарын 26-ны өглөөг хүртэл тус дүүргүүд рүү их буун буудалтыг үргэлжлүүлж буй байдлыг олж харсаар байна.

Дүгнэн хэлэхэд 8 дугаар сарын 21-ны химийн зэвсэгт халдлагыг Сирийн Засгийн газраас явуулсан гэдгийг харуулсан их хэмжээний бодит мэдээллүүд байна. Дээр дурдсанчлан Конгресс болон олон улсын хамтрагчдад явуулсан мэдээллийн эх сурвалж болон аргыг хамгаалахын тулд нууцад хамаарсан нэмэлт хэмжээний мэдээллүүд байгаа.

 

Эх сурвалж: Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын яамны веб хуудас

Нийтэлсэн: Web admin

Сирийн химийн зэвсгийн хэрэглээний талаар АНУ-ын Засгийн газар дүгнэлт гаргажээ  
Үзсэн: 2094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй