Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2015-06-16 12:02:09

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд,

·  Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төслийг төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг оновчтой хэлбэрээр сонгож, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгалаа

·  Монгол Улсад хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын  бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг энэ сарын 18-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

·  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн Зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдын энэ сарын 29-30-нд Япон улсад хийх албан ёсны айлчлал, Монгол Улс, Япон Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны VII зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

·  Улаанбаатар хотод энэ сарын 23-26-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Беларусийн Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

·  Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевийн өнгөрөгч сарын 10-13-нд манай улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

·  Авлигын эсрэг санаачилгын 2015 оны Удирдах зөвлөлийн ээлжит хурал, Бүс нутгийн семинарыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө. 

·  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

·  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-д  өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 1238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй