Шууд Chart

Кольпит буюу үтрээний салстын үрэвсэл

2015-06-17 10:28:04

Цөөнгүй тохиолддог эмгэгийн нэг бөгөөд олон шалтгаантай өвчин юм. Ихэвчлэн өндгөвч, үтрээний архаг хууч өвчин, үрэвсэл зэргийг хагас дутуу эмчилсэн, эсвэл анзааралгүй зөнд нь орхисон зэргээс үүдэн үрэвсэл даамжрах нь цөөнгүй. Түүнээс гадна хувийн ариун цэвэр голлох нөлөөтэй гэж үздэг. Сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх элдэв эм, тариаг эмчийн зааваргүй дур мэдэн хэрэглэх болсон нь кольпит үүсэх нэг шалтгаан болж буй тухай бичигдэх болов. Цөөнгүй тохиолдолд улаанбурхан, сахуу, корь, халдварт томуу өвчний дагалдах хүндрэл байдлаар илрэх нь бий. Үтрээний үрэвсэл нянгаар үүсгэгддэг бөгөөд гол үүсгэгч нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, трихомонад байхаас гадна хүйтэн өвчин үүсгэгч гонококк, бэлгийн замаар халдварладаг трихомонад, мөөгөнцөр багагүй үүрэг гүйцэтгэдэг юм. Оношлоход төвөггүй. Үтрээнээс идээрхэг шүүрэл хэвийн байнга гарах ба тухай бүрт нь цэвэрлэхгүй бол эвгүй үнэр ордог. Хэвлийн доод хэсгээр унжиж хөшиж өвдөх ба заримдаа бие зарайн халуурдаг. Гэхдээ үрэвсэл үүсгэгч ямар нянгаар өдөөгдсөнөөс хамааран илрэх шинжүүд адилгүй. Тухайлбал, гонококк, трихомонадаар үүсгэгдсэн бол загатнах, хорсох шинж гардаг бол мөөгөнцрөөр үүсгэгдсэн бол гарах ялгадас нь цайвар, ээдмэрхэг өнгөтэй байх ба загатнаж халуу оргиулах жишээтэй.

Эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол үрэвсэл гадна бэлэг эрхтэнд нөлөөлөн вульвовагинит гэх өвчин болж хүндэрнэ. Ер нь аль ч тохиолдолд хувийн ариун цэвэр чухал үүрэгтэйг мартаж болохгүй. Үтрээний үрэвсэл халдвараа дээш дамжуулж, бөөр, шээсний замыг гэмтээх үндсэн шалтгаан болдог тул эмчийн зөвлөгөө авч төгс эмчлүүлэх нь зүйтэй. Бага насны охидын бэлгийн ариун цэврийг эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс илүүтэй анхаарахгүй бол угааж цэвэрлэлгүй 1-2 хоног өнжихөд л үрэвсэх хандлагатай байдаг. Тэрчлэн ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд үтрээний салст хатангиршин, чийглэг нь багассан байх тул элдэв нян, гэмтэлд өртөмтгий болдог. Тиймээс эрүүл байсан ч гэлээ эмчийн зөвлөгөөнд хамрагдаж биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, дасгал сургууль хийж байхад илүүдэхгүй. Ямар ч төрлийн кольпитын үед бэлгийн харьцааг түр тэвчиж, шаардлагатай гэж эмч үзсэн тохиолдолд гэр бүлийн хос хамт эмчлүүлэх нь үр дүнтэй байдаг. Эмэгтэй хүний бие махбодь, тэр тусмаа бөөр, шээс, бэлгийн зам эрүүл байгаагийн үндсэн шинж нь үтрээнээс гарах ялгадсаар шинжигддэг. Хэвийн, эрүүл бүсгүйчүүдийн хувьд шингэн цайвар ялгадас гарах нь ердийн бөгөөд өмдөнд ямар нэг толбо, шаргал туяа бараг үлддэггүй. Түүнээс гадна элдэв үнэргүй байдаг. Гэхдээ сарын тэмдэг ирэхийн өмнө гарах ялгадсын хэмжээ бага зэрэг нэмэгдэх нь эмгэг биш гэж үзэж болно. Бусад тохиолдолд эмчид хандах нь элдэв эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Үтрээнээс ялгарах шингэнийг эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Өөр нэг анхаарах зүйл бол хавар, намар, өвлийн сэрүүн улиралд доогуураа хэт хөнгөн нимгэн хувцаслах нь үтрээ үрэвсэх нэг шалтгаан болохыг санаж явахад илүүдэхгүй.   

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
 


Кольпит буюу үтрээний салстын үрэвсэл  
Үзсэн: 6697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй