
АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 25-нд нээлтээ хийх Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох багийн тамирчин хүүхдүүдийг үдэн гаргаж өгөх ёслол өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Тус зуны наадамд Монгол Улсаас 14 тамирчин оролцохоор багш, дасгалжуулагчдын хамт АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын тусгай олимпийн тамирчид анх удаа Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох гэж байгаагаараа онцлог юм.

Монголын Тусгай Олимпийн хороо ТББ 2013 онд байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь УИХ-ын гишүүн С.Оюун ажилладаг. Тусгай олимпийн холбооны гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж урам дэм өгөх, авъяас чадвар, туршлагыг нь хуваалцуулах, ийм хүүхэдтэй гэр бүлүүд танилцаж нөхөрлөх боломжийг олгодог юм. Дэлхийн 180 оронд тусгай олимпийн 226 хөтөлбөр хэрэгжиж байгаа ажээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамчирдад амжилт хүсч, эх орныхоо нэрийг өндөрт гаргана гэж итгэж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар мөн энэ үеэр дамжуулсан юм.
Дашрамд дурьдахад, энэ удаа Лос-Анжелес хотноо болох гэж байгаа тусгай олимпийн зуны наадамд 177 орны 7000 гаруй тамирчин оролцож байгаа ажээ.
Дэлхийн тусгай олимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.