
Хүний мухар гэдэсний уг хэсэгт байдаг, чийгийн улаан хорхой хэлбэртэй эрхтэнг мухар олгой гэнэ. Нэг хэсэг илүүдэл эрхтэн гэж үздэг байсан бөгөөд зарим улсын эмч нар хүүхдийг бага насанд нь олгойг нь авч байсан баримт ч бий. Хожим мухар олгой нь хүний гэдсээр дамжин орох халдвараас сэргийлэх үүрэгтэй болохыг тогтоож, гэдэсний гүйлсэн булчирхай гэж нэрлэх болжээ. Мухар олгой үрэвсэж өвчлөхийг мухар олгой ургасан гэж нэрлээд хэвшчихсэн байдаг. Үрэвссэн үедээ хүчтэй зовиур өгч, мэс заслын эмчилгээгээр эдгэрдэг уг өвчин маш элбэг тохиолддог эмгэгийн нэг болохоор хүмүүс төдийлөн тоохгүй хүндрүүлэх гэмтэй. Мэс ажилбар нь хоёрдогч хүндрэл өгөөгүй олгойн хувьд 30-40 минут үргэлжилдэг болохоор “өргөс авах” адил амархан гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ хэвлийн хөндийн хамгийн ноцтой хүндрэл үүсэх гол шалтгаан мухар олгойн үрэвсэл мөн. Мухар олгой үрэвсэх нь олон шалтгаантай. Гол нь олгойн дотор орсон халдвар идэвхижсэнтэй холбоотой. Биеийн эсэргүүцэл сулрах, муудсан хоол хүнс хэрэглэх, хэт өлсөж ядрах зэрэг нь нөлөөлж болно. Тэрчлэн хэвлийн хөндийн бусад эрхтэнд үүссэн үрэвсэл олгойг хоёрдогчоор өвчлүүлэх нь цөөнгүй. Судалгаагаар бол ихэвчлэн идэр, залуу хүмүүс илүүтэй өвчилнө. Учир нь мухар олгой бага балчир насанд хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаад 25-30 орчим насанд ажиллагаа нь зогсож, аажмаар хатаж жижгэрдэг. Тиймээс ахимаг насныханд ховордуу тохиолдоно. Зарим судлаач мухар олгойн үрэвсэл охид болон жирэмслэх насны эмэгтэйчүүдэд харьцангуй цөөн тохиолдох бөгөөд ихэвчлэн өндгөвч, умайн эмгэгтэй андуурагддаг гэж үздэг. Энэ өвчин гэв гэнэт эхэлдэг. Эхлээд ходоод, хэвлийгээр хүчтэй хатгаж өвдөж байснаа огиулан бөөлжинө.
Өвдөлт аажмаар хэвлийн баруун доод хэсэгт шилжих ба халуурна. Ходоод өвдөн бөөлжүүлдэг болохоор хүмүүс хоолны хордлого болж гэж андууран бүлээн жин тавих, өвчин намдаах, халуун бууруулах эм уух нь ажиглагддаг. Энэ нь өвчний шинж тэмдгийг түр арилгаж, оношлоход төвөгтэй болгоно. Улмаар үрэвсэл газар аван буглаж, олгой томорсоор хагарч, хэвлийн гялтангийн үрэвсэл болон хүндэрнэ. Олгой хэвлийн баруун доод хэсэгт байрлах боловч зүүн талд байрласан тохиолдол ганц биш. Тэрчлэн мухар гэдэсний угт хэрхэн байрласнаас хамааран онош төөрөлдөх, авахад хүндрэл учруулах нь элбэг. Мухар олгойн үрэвслийг архагшуулах тухай ойлголт байж болохгүй. Янз бүрийн эм, тариагаар өвчин намдаж, илаарших мэт болох хэдий ч идээ бүрхүүлээр хучигдан хадгалагдаж үлддэг учир тун осолтой. Ингэж архагшуулсан олгой ихэнхдээ дахин өвчилдөг бөгөөд тэр үед мэс засал хийхэд маш хүндрэлтэй. Орчны эд, эрхтэнтэйгээ наалдан сорвижсон байдаг юм. Тиймээс зөвхөн олгой төдийгүй хэвлийгээр өвдөж, огиулсан, бөөлжсөн, халуурсан тохиолдолд заавал эмчид үзүүлэх нь чухал. Хэвлийгээр өвдөх нь олон өвчний эхний шинж тэмдэг байдаг тул дур мэдэн эмчлэх нь таны амь насанд аюултай. Тухайлбал, эмэгтэйчүүдийн ихэнх эмгэг, умайн, өндгөвчний үрэвсэл, умайн гадуурх жирэмслэлт, түгжрэл, нарийн, бүдүүн гэдэсний хавдар, элэг, нойр булчирхайн эмгэгүүд, тэр ч байтугай зүрхний шигдээс, ходоодны шархлаа гээд мухар олгойн үрэвсэлтэй адилхан шинж тэмдэг өгдөг өвчин олон. Зөвхөн эмч л энэ бүгдийг ялган оношлож, найдвартай эмчилж чадна. Ямар ч ид шидтэй бөө, зайран, лам, бариач үрэвссэн олгойг анагааж чадахгүй. Олон шалтгаантай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх баталгаатай арга гэж байдаггүй. Эрүүл, чийрэг хөгшин залуу хэнд ч тохиолдох уг эмгэгээс ангижрах найдвартай арга бол өвдсөн даруйд эмчид хандах л гэдэгтэй маргалтгүй.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Мухар олгой илүүдэл эрхтэн биш | ||
Үзсэн: 15629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.