
Хэвлийн хөндийд байрлах хоол боловсруулах эрхтний гол хэсэг нь нарийн гэдэс юм. Энэ гэдэс дээд талаараа ходоодны нугалуурын доод амсартай залгагдан эхэлж доош эвхэгдмэл байдалтай үргэлжлэх ба бүдүүн гэдэсний эхлэл буюу мухар гэдэсний хажуугаар нийлж байрладаг. Тухайн хүний нас, хүйс, биеийн онцлогоос хамааран харилцан адилгүй хэмжээтэй байх боловч дунджаар таван метрээс илүүгүй байна. Үүнээс урт бол гэдэс мушгирах, орооцолдох зэргээр түгжрэл үүсэх эрсдэл дагуулах магадлалтай. Бас энэ хэмжээнээс богино бол хоолны шингэц түргэсч, байнга гүйлгэх хандлага гарах ба энэ хэмжээгээр турж эцэх, жингийн алдагдалд орж болзошгүй. Ер нь хүний идсэн хоол хүнс амнаас эхлээд гадагшлах хүртлээ 10 метр орчим зам туулдаг. Энэ явцдаа бутлах, жижиглэхээс эхлээд химийн урвалд оруулах, эсгэх зэрэг процессуудыг ээлж дараатай явуулах ба эрхтэн бүр өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг юм. Тиймээс энэ нь гол гэж ялгах боломжгүй. Эдгээрийн нэг болох нарийн гэдэс 12 хуруу гэдэсний үргэлжлэл болон эхэлдэг. 12 хуруу гэдэс бүтцийн хувьд нарийн гэдэстэй адилхан, гаднаасаа ч ялгарахааргүй. Гэхдээ гүйцэтгэх үүрэг нь өөр. Нарийн гэдсийг бүхэлд нь өлөн гэдэс гэх ба бүдүүн гэдэстэй нийлэх хэсгийг цутгалан гэж нэрлэх нь бий. Яагаад гэхээр нарийн гэдсэн дотор урсаж яваа хүнсний зүйл цутгалан гэх хэсэгт хүрээд урсаж ордог болохоор тэр.
Нарийн гэдэсний үндсэн үүрэг нь 12 хуруу гэдсэнд химийн урвалд орж шингэрсэн хүнсийг эсгэх маягаар боловсруулдаг гэж үзэж болно. Нарийн гэдэс нийтдээ 4.5-4.8 метр орчим байдаг. Өргөн нь 2.7-4.5 см орчим. Нарийн гэдэсний дотор хана маш олон өвөрмөц булчирхайнуудтай. Тэндээс эсгэх үүрэгтэй шүүрлүүд буюу салст ялгардаг. Гэдэсний хана хэд хэдэн давхраас бүрдэнэ. Гадна тал нь гялтан хальстай төстэй байх ба түүний дор булчингаас тогтоно. Булчингууд нь ээлжлэн агшиж, тэлэх бөгөөд үүний үрээр гүрвэлзэн хөдөлж, доторх шингэнээ доош шахаж байх зориулалттай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэсвэл хуржигнан дуугарч, базлан өвдөж, гүйлгэх ба энтерит гэж нэрлэдэг өвчин ч бий. Гүрвэлзэх хөдөлгөөн түргэсэх үед нарийн гэдэсний тодорхой хэсэг орооцолдох, зангирах, мушгирах зэргээр гэдэсний түгжрэл гэх хэвлийн хөндийн хурц эмгэг үүсэх нь цөөнгүй. Ер нь хэвлийн хөндийд хурц өвчтөнүүдийн дотор хамгийн элбэг нь мухар олгойн үрэвсэл байдаг бол дараа нь цөсний эмгэгүүд ордог. Цочмог хурц өвчний нэлээд хүнд хэлбэр нь гэдэсний түгжрэл байдаг бол цаашлаад нарийн гэдэс цоорох тохиолдол хэвлийн гялтангийн үрэвсэл буюу перитонитын үед цөөнгүй тохиолдоно.
Хүний амь насанд хамгийн эрсдэлтэй хүндрэл болох перитонитын үед эмчилгээний олон хэлбэр арга байдаг ба хамгийн эцсийн бөгөөд найдвартай арга нь нарийн гэдсэнд хиймэл цорго үүсгэх гэж үздэг. Амьдралын шаардлагаар хүний хоол боловсруулах эрхтнүүдийг хасах, танах, бүр авах тохиолдол ч гардаг. Ийм үед бусад эрхтнүүд нь тодорхой хугацааны дараа орлон ажиллах онцлогтой. Энэ тохиолдолд хүний амь насанд хамгийн эрсдэл багатай нь нарийн гэдэсний тайралт. Учир нь нарийн гэдэс хоол боловсруулах замын дунд хэсэгт байрладаг, бас харьцангуй уртаас гадна цусан хангамж сайтай зэргээс шалтгаалдаг. Нарийн гэдэс хэвлийн хөндийн гол хэсэгт чөлөөтэй хөдөлж байхаар зохицуулагдсан нь хоол, хүнсийг зайлах, сэгсрэх, урсгах, түр зогсоох зэргээр сайтар боловсруулах онцлогтой болгодог юм. Нарийн гэдсийг бүдүүн гэдэс бүх талаар нь хамгаалах байдалтай хүрээлж байх бөгөөд бүдүүн гэдэснээс ялгарах дулаан /энерги/ нь нарийн гэдсэн дэх шингэнийг тодорхой түвшинд бүлээцүүлж байдаг. Гэдэс даарсан үед хөдөлгөөн түргэсч хуржигнан базалж өвддөг шүү дээ. Тиймээс хоол идсэний дараа гэдсээ дулаан байлгах нь хоол гүйцэд боловсруулах ач холбогдолтой.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Нарийн гэдэс ба түүний эмгэг | ||
Үзсэн: 23908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.