
Энэ булчирхай ходоодны доод талд 12 хуруу гэдэсний ар орчим байрладаг. Хоол боловсруулахад цөс болон ходоодны хүчилтэй хавсрах панкратин гэх шүүрлийг ялгаруулдаг үндсэн үүрэгтэй булчирхай юм. Тэрчлэн энэ булчирхайгаас инсулин хэмээх даавар ялгардаг бөгөөд нүүрс усны солилцоог зохицуулах үндсэн үүрэгтэй. Нойр булчирхайн хэвийн ажиллагаа алдагдсанаас инсулины ялгаралт дутагдаж, цусанд чихэр /сахар/ ихсэх ба чихрийн шижин гэх өвчин үүсдэг. Нойр булчирхай огцом болон архаг хэлбэрээр өвчилдөг. Хурц хэлбэр нь ихэвчлэн элэг, цөс, ходоод, 12 хуруу гэдэсний эмгэгээс хамааралтай хоёрдогч байдлаар илэрдэг. Тэрчлэн гахайн хавдар, цусан суулга, бамбай булчирхайн хордлогоос улбаалан цочмог өвдөх нь бий. Элбэг тохиолддог хэлбэр нь элэг, цөсний архаг хууч өвчтэй хүмүүс, мөн чихрийн шижингийн хүндэрсэн хэлбэрийн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн, өөх тос ихтэй хурц хоол ихээр идсэний дараа хүчтэй өвдөлт өгч эхэлдэг. Шинж тэмдэг нь өвөрмөц. Зүв зүгээр байснаа гэнэт хэвлийн дунд хэсэг хавирганы нум дагуу хүчтэй өвдөж эвхрэх ба байрлалаа олж ядан тонгочно. Өвдөлт бүсэлхийгээр тойрон арагшаа дамжина. Өвдөлтөөс болж царай нь цонхийн, хүйтэн хөлс нь чийхарч, огиулж бөөлжинө. Ямар ч эм, тариа хэрэглээд өвдөлт намдахгүй учир маш их айдас төрүүлдэг юм. Тэр даруйд нь түргэн дуудаж арга хэмжээ авахуулахгүй цаг алдвал өвдөлтийн шоконд амархан ордог.
Өмнө нь элэг, цөсний болон чихрийн шижин, ходоодны шархтай байсан хүнд ийм шинж илэрвэл нойр булчирхай өвджээ гэж хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Түүн дээр хурц, өөх тостой хоол идсэн, архи уусны дараа огцом өвдөлт илэрсэн бол бараг л нойр булчирхайн хурц үрэвсэл болсон гэж үзэх нь ононо. Гэрийн нөхцөлд ямар ч арга хэмжээ тус болохгүй байх нь элбэг. Нойр булчирхайн цочмог эмгэгээс болж ид залуу насны хүмүүс амь насаа алдаж болно. Ялангуяа нойр булчирхайг хоёрдогчоор өвчлүүлэх суурь өвчтэй хүмүүс архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас уг булчирхай огцом өвчилж, цусны эргэлт нь зогсох учир богино хугацаанд эд, эс нь үхжиж, задрах ба хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл /үндсэндээ түлэгдэлт/ явагддаг болохоор амь насыг аврах найдваргүй болдог гэдгийг ямагт анхаарч явах нь зүй. Нойр булчирхайн эмгэгтэй хүмүүс эмчийн байнгын хяналтад байж эмчилгээ хийлгэхээс гадна хоолны дэглэм сахих нь гарч болох хүндрэлээс сэргийлдэг. Ялангуяа цөсний чулуутай, ходоод, 12 хуруу гэдэсний шархтай, элэгний архаг эмгэгтэй хүмүүсийн хувьд хурц хоол хүнс, архи согтууруулах ундаанаас бүрэн татгалзаж чадваас суурь өвчин эдгэрэх хугацааг наашлуулна.
Сүүлийн үед чихрийн шижин өвчин эрс нэмэгдэж буй тухай эмч нар анхааруулсаар байгаа. Дэлхийн улс орон бүрт түгээмэл болсон уг өвчнийг бараг өвчин биш маягийн мэдээлэл хэвлэлд гарах болсон нь их эндүүрэл юм. Хоол, ундны дэглэм сайн сахиж, суумгай, хөдөлгөөн хязгаарлагдмал ажил амьдралынхаа хэвшлийг зөв зохицуулж чадвал энэ өвчин аюул бага гэдгийг л ойлгуулах гэсэн санаа байх. Харамсалтай нь чихрийн шижин өвчин олон мянган хүний үхлийн шалтгаан болох төдийгүй үр хүүхдэд нь удамшин дамжих өндөр магадлалтайг мартаж үл болно. Хүний нойр булчирхай хоногт 1-2 литр орчим тунгалаг шингэн шүүрэл ялгаруулна. Энэ шүүрлийг дангаар нь гаргаж аваад дотор нь хүнсний ямар ч зүйл хийсэн тэр дор нь шахам уусгаж алга болгох хүчтэй. Тиймээс нойр булчирхайн хурц эмгэгийг яаралтай намжаахгүй бол уг шүүрэл хэвлийд асгарч дотор гэдсийг шүлт, хүчил адил түлж уусгана. Маш хүчтэй өвдөлт өгдөг нь ийм учиртай гэж ойлгож болно.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Нойр булчирхайн эмгэг | ||
Үзсэн: 6661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.