Шууд Chart

Тусгал

2015-11-06 08:03:54

Дорнодын тал хэчнээн уудам билээ. Зассан зам шиг дурайгаад хол яваа хүнд хурдан давхихад мөн ч урамтай сайхан. Тал нутгийн хүмүүс уулын хүнийг бодвол амар тайван зантай. Энэ нүд чилээсэн цэлгэр талтай нь холбоотой юм болов уу гэж бодддог байлаа.

Би нэг удаа зуны аагим халуунд Чойбалсан хотоос хойшоо гарч Цагаан-Овоо сум руу сурвалжлах ажлаар явсан юм. тэр үед найруулагч маань Нямын Зоригоо зураглаач нь Н.Сүхбалсан байсан. Телевизийнхэн бол андахгүй. Харин одоогийн залуучууд сайн танихгүй ээ. Яахав мэдэх нэг нь мэдэх л. Цагаан Дамдин гэх хөдөлмөрмийн баатар хоньчныд зорьж очсон хэрэг. Тэр үед алдар нэр нь түгэж их л мандаж явсан хөгшин шүү дээ. Бас адуутай.

Тэрч яахав тэгээд давхисаар очиж өдөртөө зургаа аваад орой нь буцсан. Тэгэхэд нэг сонин явдал болсон юм. Тэрнийг дараа нэг ярина аа. Харин сүүлд нэг очиход аварга малчин одоогийн залуу хоньчдын тухай жаахан сэтгэл дундур ярьж билээ.

-Залхуу л байна даа. Хүн биеийн амраа харахаар мал сэнсэрэх амархан байдаг юм. Малчин хэдий чинээ зогсолтгүй хөдөлнөв төдийн чинээ мал сайн тарга тэвээргэ авна бас өвлийг өнтэй давна гэсэн юм. Тэгтэл хамт явсан сумын хүн. -Манай аварга ч залуу байхдаа нээрэн зүгээр суудаггүй байсан шүү. Өвөл тэр их жавартай шөнө хөгшинтэйгөө ээлжилж босоод хотонд хэвтэх тэр олон хонины нуруунд малгайлан буух цасыг бургас шилбүүрээр арилгаж өглөө бэлчээрт гаран гартал нь хараад хоночихдог мундаг хүн байлаа.

Тэрний хүчинд хотонд мал жиндэж хонохгүй өглөө сэргэлэн босоод л бэлчээрт гүйгээд гарна. Ханиад шуухинаагүй, дороосоо хөлдүү хөрзөнд хайруулаагүй дээрээсээ цасанд даруулаагүй хонь мал осгож бээрэх юмгүй сайхан шүү дээ гэхэд нь би бас гайхаж хонь болгоны цас үргээнэ гэдэг ммм гэж гайхсан билээ. Хөдөөний хүн тийм байсан. Сая хоёр гурав хоног цас оров доо. Маргааш өдөр нь нар гарч тэр их цас хайлаад орой мөс болж хөлдсөн.

Хичнээн машин замд хальтарч бие биенээ мөргөв. Тэрний уршиг одоо ч үргэлжилж, өнөө адгийн зарга арав хоног гэдэг шиг жолооч нь төлбөр ялбар яриад таваргаж л яваа. За бас нэлээн хэдэн хүн хальтарч их бага гэмтсэн. Хөлөө хугалсан настан нь цагаан сараас нааш босохгүй хэсэгтээ л зовно. Хотын орон сууцны СӨХ-ийнхөн маань Цагаан Дамдин баатар шиг биш юм аа гэхэд өөрийн хувцасны цасаа хичээнгүй гөвдгийн адил байрныхаа урд хойд мөсөө арилгах гэж хөдөлдөггүй юм байх даа гэж битүү бухимдав. Энэ мэдээж жижиг асуудал. Хэдэн хоногийн дараа их цас орно. Дагтаршина.

Өнөөх халитаргаа гулгаа хавар болтол олон хүн унагана. Хөдөөд малаа амь шигээ харж ханддаг малчин сэтгэл байсан байхад хотод шигдэн суугаа бидэнд хотын сэтгэл гэж байж болдоггүй юм уу гэж асуумаар аа.. Тэгээд цааш нь орон сууцны байр хоорондын нар үздэггүй замын аймаар "катокийг" хусаад ховхлоод нүдээд аригачихдаг жижиг машин, тармуур, шүдэт борной зэргийг манай зурагтын "Залуу зохион бүтээгч" тэмцээнд ордог инженер болох хүүхэд залуус хийчихдэггүй л юм байх даа гэж мөрөөдөв. Яахав орцны жижүүрүүд хэрэглэж цас мөсөө арилгаж байвал өглөө сүүндээ гарах хөгшчүүл айдас хүйдэс аюул зовлонгүй байх ч бил үү гэж бодов. Ер нь бидний амьдрал өөрсдийн залхуугаас их дорой болдог юм байна даа л гэж бодсоор яваа.. Хааяа энэ байр сууцны СӨХ-ийн тухай бичиж ярьж л байна. Өвөл биднээс олон юм нэхэхээр ирж явна аа.

Г.Золжаргал

Нийтэлсэн: Г.Золжаргал

Тусгал  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-06 11:19
Юун тусгал вэ гарчиг, бичсэн зүйл хоёр чинь авцалдахгүй байна
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-06 11:18
Сэтгэл дутаад байна даа, нэг байшинд өмнө нь нэг л байгууллага байдаг байсан, одоо бол өрөө бүр нь нэг байгууллага болсон болохоор бие биедээ найдаад байдаг юм болов уудаа, нар үзэхгүй шавааралдсан том барилгаас ч болж байгаа л байх

Бидэнтэй нэгдээрэй