
Энэ сарын 14-ний өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хуралдаж, ОХУ-ыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахыг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан. Энэ хориг яг хэзээ хүртэл үргэлжлэх хугацааг заагаагүй байгаагаас ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын хувьд "Рио-2016" олимпод оролцож чадах эсэх нь эргэлзээтэй байгаа.
Олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева
Энэхүү шийдвэртэй холбогдуулан тулгууртай харайлтын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг, олимпийн наадмын хоёр удаагийн аварга, тулгууртай харайлтын рекордын дээд амжилтыг эзэмшигч ОХУ-ын тамирчин Елена Исинбаева тэргүүтэй хөнгөн атлетикийн тамирчид хэвлэлийн хурал хийлээ. Тус хуралд ОХУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийн өндрийн харайлтын тамирчин Анна Чичерова, тулгууртай харайлтын тамирчин Елена Исинбаева, хөнгөн атлетикийн тамирчин Сергей Шубенков нар хамт оролцсон юм.
Тус хэвлэлийн хурлаар олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдад тавьсан энэ хориг надад хамаарахгүй гэж мэдэгдлээ. Мөн "Тамирчин нэг бүрийг судлах хэрэгтэй. Миний хувьд би ямар ч сэргээш болон допинг хэрэглэж байгаагүй. Мөн "ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид энэ асуудалд онцгой анхаарч хандах хэрэгтэй байна" хэмээн мэдэгдэлдээ дурдсан юм.
Тэрбээр "Энэ асуудлыг ул суурьтай эрэн сурвалжилж судлах хэрэгтэй. Тамирчин нэг бүрийг шалгаж, хэн допинг хэрэглэсэн байна, тэр тамирчны эрхийг хасах хэрэгтэй. Та бүхэн энэ гаргасан шийдвэртээ хариуцлагатай хандаж чадах уу. Тамирчин бүрийн дасгалжуулагч, эмч гээд нэг бүрчлэн шалгаж, хэн тэдэнд допинг хэрэглэхийг зөвлөсөн зэргийг олж тогтоох хэрэгтэй. Яагаад бид тэдгээр хууль бус үйлдэл хийсэн тамирчдын өмнөөс хариуцлага хүлээж эрхээ хасуулах ёстой юм бэ" гэсэн байна.
ОХУ-ын өндрийн харайлтын тамирчин Анна Чичерова
Мөн ОХУ-ын өндрийн харайлтын тамирчин Анна Чичерова "Богино хугацаанд энэ асуудлыг нэг тийш нь шийдэж, бидний нэр хүндийг сэргээнэ гэдэгт найдаж байна. ОХУ-ын спортын сайд Виталий Муткод энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн бидэнд ирэх жилийн "Рио-2016" зуны олимпод оролцох эрхийг олгоосой гэж хүсч байна" гэж мэдэгдэв.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны энэхүү хоригийн хэрэгжих хугацаа тодорхойгүй байгаа ч хэрвээ ирэх жилийн 2016 оны олимпийн наадам хүртэл цуцлагдахгүй бол ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид тус наадамд оролцох боломжгүй болж байгаа юм. Хэдийгээр Елена Исинбаева олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа ч гэсэн ирэх жилийн Бразил улсын Рио Де Жанейро хотноо болох зуны олимпийн далбаан дор бие даан өрсөлдөх боломжийг судалж байгаа ажээ.
Елена Исинбаева: ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдад тавьсан хориг надад хамаарахгүй | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.