
Монголынхоо ард түмэнд "Шүхэр, десант"-ын анги гэдгээр алдаршсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ангийн түүхтэй салшгүй холбоотой хүний нэг бол агаарын спортын зууны манлай тамирчин, шүхрийн болон уулын спортын ОУХМ, Монголын Пара-Баллон төв клубын захирал агсан Дагвын Отряд юм. Түүнийг Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин О.Гүндэгмаагийн аав гэдгээр уншигч авхай та мэдэх биз ээ. Ингээд илүүц зүйл нуршихгүйгээр түүхт ойн энэ өдөр шүхэрчин аавын охин буудлагын тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, хошууч О.Гүндэгмаагийн ярилцлагыг хүргэж байна.
-Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Таны аав энэ ангид 1980-1990 штабын туслах биеийн тамир, спортын дарга, шүхэр десантын албаны даргаар ажиллаж байхдаа ангийн сургалт бэлтгэлийг хангах, ялангуяа шүхрийн спортыг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан гэдэг?
-Тэгэлгүй яах вэ. Аавынхаа тухай ярихдаа баяртай байна. Саяхан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ойн хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж энэхүү медалиар шагнаж байна гээд ангийн захирагчаас нь талархлын бичигтэй хамт нэг медаль ирсэн байсан. Түүнийг хараад "Миний оруулсан хувь нэмэр гэж юу байх вэ. Миний аавын хийсэн үйл хэрэгт нь талархлаа илэрхийлжээ" гэж бодоод баяртайгаар хүлээн авлаа. Аав маань сүүлчийн мөч хүртлээ шүхрийн спортоор хичээллэсэн хүн.
-Монголдоо шүхрийн спортын амжилтуудыг таны аав тогтоосон. Энэ амжилтууд нь шинэчлэгдсэн үү?
- Монголд хамгийн олон буулт буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардсан хүн гэдэг. Аавын амжилтыг шинэчилсэн хүн одоогоор лав алга байна. Мэдээж хожмоо шинэчлэгдэх байх. Аав маань нийслэл, 21 аймагт шүхрийн спортыг дэлгэрүүлэх, улсын баяр наадмын үеэр сүүлийн 20 жилийн турш шүхрийн үзүүлэх буултуудыг санаачлан хийжээ. 1987 онд Сутайн (4130 метр) оргилд АН-2 онгоцноос 4900 метрийн өндрөөс шүхрийн буулт хийсэн нь дэлхийд 2 дахь, Ази тивд болон Монголын спортын түүхэнд анхны шинэ амжилтын эзэн болсон. Энэ амжилт нь ч гэсэн өнөөг хүртэл эвдэгдээгүй.
Түүнээс гадна аав маань Цамбагарав мөнх цаст (4252 метр) ууланд амь дүйсэн шүхрийн буулт хийсэн байдаг. Ер нь эргээд харахад шүхрийн спорт олимпын төрөл байсан бол аав маань аварга болох байсан биз. 1971 онд Шүхрийн спортын зэрэг цол гэж байхгуй байхад анхны спортын мастер цолыг авч, 1980 оны сүүлээр Чех улсад болсон Армийн Дэлхийн авргад хувийн амжилтаар тавдугаар байранд орж анхны ОУХМ болж байлаа. Монголд анх агаарын бөмбөлөг, уулын шүхэр гэсэн төрлүүдийг хөгжүүлж, 1997 онд Монголд дараа нь Японд болсон бөмбөлөгийн олон улсын тэмцээнд ээжтэй минь хамт "Үхсэн ч гомдолгүй" гэж гарын усэг зурж дэлхийд анхны буултыг гүйцэтгэж байсан. Үндсэндээ дэлхийн шилдэг 10 гаруй шүхрийн үзүүлбэрийг өөрөө анх санаачилан хийж байсан юм билээ. Миний аав ийм л хүн байсан. Тэгэхээр Д.Отряд хэмээх шүхэрчин эрхэлсэн ажилдаа ямар үр бүтээлтэй, ямар их сэтгэл гарган ажиллаж байсныг илтгэх юм. Мэдээж шүхэрчдийн олон улсын тэмцээнд удаа дараалан амжилттай оролцож, гадаадын шүхэрчдээс сурсан мэдсэнээ Монголынхоо, тэр дундаа 084 дүгээр ангийн шүхэрчдэд зааж сургадаг байсан.
-Зэвсэгт хүчний 084 ангийн шүхэрчдийг бэлтгэхээс гадна 21 аймагт ч гэсэн шүхэрчид бэлтгэж байсан гэдэг. Аавын тань шавь нар олон биз?
-Арми сурталчлах, шүхрийн спортыг дэлгэрүүлэх, танилцуулна гээд Монголынхоо 21 аймгаар тойрон ажилладаг байсан. Тухайн үед Байгалийн гамшигтай тэмцэх алба буюу одоогийнхоор Онцгой байдлын албаныхан бартаа саадтай, асга ихтэй газарт гарсан түймрийг шүхрээр бууж унтраадаг байсан учраас залуучуудад нь шүхрийн сургалт явуулдаг байсан. Ер нь ихэнхи аймагт нь шүхрийн спортын сургалтыг зохион байгуулж, өөрийн гарын шавь нараа төгсгөсөн байдаг. Заримдаа "Багшийн охин байна" гээд танихгүй хүмүүс хүртэл өөриймсөг хандаж хүндэтгэхэд нь баярладаг юм.
-Аав тань өөрөө содон нэртэй. Отрядын Гүндэгмаа гэхээр мэдчихдэг байх?
-Тийм ээ. Аав маань 1944 онд төрсөн. Тэр үед манай монголчууд орос хүмүүсийг хүндэлдэг, даган дурайдаг эрчимтэй үе. Дээрээс нь 1939 оны Халх голын дайны үед оросууд монгол дайчдад тусалсан болохоор эх барьж авсан эмч нь Отряд гэж нэрлэсэн юм билээ. Гэрийнхнээсээ аав ганцаараа орос нэртэй, ах, дүү нар бүгд монгол нэртэй. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд аав маань батлан хамгаалах салбарт орохоосоо өмнө хөгжимчин байлаа. Дуурийн театрт европ хөгжмийн багшаар ажиллаж байгаад цэргийн хүн болсон. Магадгүй багадаа цэргийн бүрээ үлээдэг байсан болохоор энэ салбар илүү дотно санагдаж орсон нь тэр байх аа.
-Та аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд ажиллаж байна?
-Зэвсэгт хүчний тамирчин болохыг аав маань надад зөвлөсөн. 1998 онд улс орны эдийн засаг, нийгмийн байдал тогтворгүй байх тэр үед "Алдар" нийгэмлэг үйл ажиллагаагаа дахин сэргээж, тамирчдаа бүртгэж байна гэнэ. Миний охин очоод бүртгүүл гэсэн. Өөрөө ч "Алдар" нийгэмлэгийн дэргэдэх Шүхрийн клубын багшаар ажилладаг байсан болохоор намайг ятгасан нь тэр. Миний бага нас "Алдар"-ын зааланд л өнгөрсөн. Хүүхэд байхдаа аавыгаа дагаад өдөр бүр ирнэ. Томорсон хойноо тамирчин болж ирлээ. Надад "Алдар"-ын зааланд орж ирэх бүрт өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж дотно сайхан санагддаг. Энэ зааланд л аавтайгаа хөөцөлдөн тоголж, түүний шавь нартаа зааж сургаж байгааг нь ажиглаж суусан болохоор дэндүү дотно. Одоо ч гэсэн аавыг маань орлож байгаа мэт санагддаг. Миний аавын надад захьсан, сургасан бүх нь миний аз жаргал, амжилтын эхлэл байсаан. Тэр надад буудлагын спортоор хичээллүүлж, , Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд оруулсан нь өнөөдрийн гаргасан амжилтын маань цөм нь байлаа. Аав маань цэргийн хүн болж цол аваарай гэж захиж байсан нь хүртэл өнөөдөр биелэлээ олжээ.
-Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Таны ээж, эгч хоёрыг шүхрийн спортоор хичээллэдэг байсан, спортын зэрэгтэй гэж сонссон юм байна?
-Би эхээс гурвуулаа. Ээжийг маань Ч.Хишигсүрэн гэдэг. Шүхрийн спортын мастер, бэлтгэл ахлах ахлагч цолтой. Мөн л аавын маань адил Монголд хамгийн олон буулттай эмэгтэй. Миний сонсоход ээжийн маань амжилтыг давтсан хүн одоогоор алга байна. Аав, ээж хоёр энэ шүхрээр хамтдаа хичээллэж, спортын сайн сайханд уусан орсон хоёр. Эгч маань ч гэсэн шүхрийн гуравдугаар зэрэгтэй. Манайх гэр бүлээрээ шахам шүхрийн спортоор хичээллэдэг байж. Ямарсайндаа, онгоцноос чирэгдэх номер гэж байдаг байсан юм. Түүнд нь ээж бид хоёрыг авч орно. Хүмүүс "Энэ Отряд чинь зүгээр байгаа даа. Эхнэр, хүүхдээ алах нь байна" гээд шогширч, зарим нь үнэн сэтгэлээсээ зэмлэж билээ. Аав, ээж хоёр эрсдлээс илүү спортын сайхныг мэдэрсэн болохоор оруулдаг байсан байх. Одоо шүхрээр бууж байгаа дайчдыг харахаар дотор маань огшоод л, буумаар санагдана аа. Боломж гарвал шүхрээр бууна.
-Аавынхаа гарсан амжилтыг алдаршуулахаар ном бичиж байгаа гэсэн үү?
-Ээж бид ярилцаад шүхрийн спортын үүсэл, хөгжлийн талаар ном гаргахаар хичээж байна. Аав өөрөө маш чухал баримтууд үлдээжээ. Өдөр бүр тэмдэглэл хөтөлж, болсон үйл явдлаа нэгд нэгэнгүй тоочсон байна. Хаана ямар тэмцээн болсон, хэн түрүүлсэн гээд л шүхрийн спорттой холбоотой бүх зүйл тэмдэглэгдэж үлдсэн байна. Үүнийг нь эмхэлж цэгцлээд удахгүй бүтээл болгоно. Одоогоор ээж олон арван тэмдэглэлийн дэвтрийг дэс дараалалд оруулж, хэн нэгнийх нь нэр гээгдээд гомдчих вий гээд судалгаа хийгээд завгүй/инээв/. Удахгүй номоо уншигч олноо гаргана. Энэ дашрамд, 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхаа үе, үеийн захирагч, хамт олонд аавынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж "Тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн байг ээ" гэж ерөөе. Түүнээс гадна ирэх онд түүхт 70 жилийнхээ ойг тэмдэглэх Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны Г.Өсөхбаяр даргад, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад зэвсэгт хүчнийхээ тамирчдын төлөө хийж буй үйлс бүрт тань талархаж явдгаа илэрхийлье.
Батлан хамгаалах яам, Д.Болормаа
О.Гүндэгмаа: Шүхэрчин дайчдыг харахаар аавтайгаа уулзсан юм шиг дотно санагддаг | ||
Үзсэн: 2067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.