Шууд Chart

Агаар цэвэршүүлэгч цамхаг

2015-12-10 16:00:31

Нидерландын зохион бүтээгч, архитектурч Даан Русгард "Smog Free Tower" хэмээх долоон метр өндөртэй агаар шүүгч зохион бүтээж, энэ бүтээлээ эхний ээлжинд  БНХАУ-ын Бээжин хотноо туршиж үзэхээр ажиллаж байна. Уг цамхаг нь ионжуулсан технологи ашиглан, нэг цагт 30 мянган шоо дөрвөлжин агаарыг шүүдэг ажээ. Өөрөөр хэлбэл, үлээдэг бөмбөлөг үс соронздон татдаг шиг энэ цамхаг нүүрсхүчлийн хийг өөртөө татаж, агаар цэвэршүүлдэг юм байна. Мөн энэ бүтээлийн нэг давуу тал нь ахуйн хэрэглээний жижиг ус буцалгагч шиг бага вольтоор ажилладаг тул эдийн засгийн хэмнэлттэй. Энэхүү шинэ технологийн урьдчилсан туршилтыг Нидерланд улсад хийсэн байна. Туршилтын үр дүнд, цамхгийг байрлуулсан гадаад орчны агаар 60 хувь, дотоод орчны агаар 70 хувиар цэвэршсэн байжээ.

Зохион бүтээгч Даан Русгард энэ бүтээлээ агаарын бохирдлын “улаан өнгийн түгшүүр” зарлаад байгаа Бээжин хотноо туршиж үзэхээр удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийхээр чармайж байна. Тэрбээр агаар шүүгч цамхгийг Бээжин хотын 20-25 цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд хотын удирдлагуудтай хэлэлцээрт хүрч чадвал өөрийн бүтээлийг зээлээр олгож болох тухай мэдэгдсэн байна. Хятад улсад жилд 1.6 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийн улмаас нас бардаг бөгөөд энэ тоог бууруулахад агаар шүүгч цамхаг тусална гэдэгт зохион бүтээгч итгэж байгаа ажээ.

Түүний агаар шүүгч цамхгийн тухай бас нэгэн сонирхолтой баримт бол шинэ технологи гаргах хөрөнгөө хэрхэн босгосон тухай юм. Тэрээр "Кickstarter" цахим хуудаснаа өөрийн төслийн санаагаа танилцуулж, 50 мянган еврогийн санхүүжилт босгохыг уриалсан боловч интернэт хэрэглэгчид түүний төсөөлж байснаас илүүгээр дэмжлэг үзүүлж, хоёр сарын хугацаанд 113 мянган евро цугларчээ. Төлөвлөсөн төсвөөс илүү хөрөнгө үлдсэн учир тэрээр өөрийн төсөлд нь хөрөнгө оруулсан хүн бүрт 42 хувийн нүүрстөрөгчөөс бүтсэн бөгж бэлэглэсэн байна.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

Агаар цэвэршүүлэгч цамхаг  
Үзсэн: 3051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-11 08:38
20221100 комент бичсэн хүнийг би дэмжиж байна
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-12-10 16:27
Монгол инженерүүдээ! Энэ төхөөрөмжөөс санаа авч, хуулбарлаад ч хамаагүй бүтээл гаргаж хэрэгжүүлэхийг уриалж байна.

Бидэнтэй нэгдээрэй