
Бадминтоны спортын улирлын сүүлийн тэмцээн болох олон улсын бадминтоны холбооны супер цуврал АНЭУ-ын Дубай хотноо болж, аваргууд тодорлоо. Нэг сая долларын шагналын сантай энэ тэмцээнд бадминтоны холбооны цувралд тэргүүлсэн, чансаагаараа дээгүүрт бичигддэг тамирчид эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан болон хосын төрлүүдэд өрсөлдсөн юм.
Супер цувралын тэмцээн Дубай хотын "Хамдаан" спорт цогцолборт явагдаж өндөрлөв. Энэ удаагийн супер цуврал сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй, шинэ аваргууд төрөн гарснаараа онцлог болов. Япон улсын баг тамирчид тун одтой байж, хоёр шинэ аваргатай болжээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдэж байгаа Японы тамирчин Кенто Момота тэргүүлж, энэхүү тэмцээний анхны аваргын цомоо өргөсөн. Тэрээр тэмцээний эцсийн шатанд дэлхийн чансааны дөрөвт бичигдэж байгаа Данийн тамирчин Виктор Акселсентой өрсөлдөж, тоглолтын хоёр үеийн турш өрсөлдөгчөө 21-15, 21-12 харьцаагаар хожиж, тэмцээний аварга болсон юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өдгөө 20 настай дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж байгаа Япон улсын залуу тамирчин Нозому Окухара тэргүүлж, аваргын цом хүртлээ. Тэрээр 2011 оны бадминтоны дэлхийн аварга, 2012 оны Лондонгийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн чансааны наймд бичигдэж байгаа БНХАУ-ны тамирчин Ванг Ихан /Wang Yihan/-ыг 22-20, 21-18-ийн харьцаатайгаар буулган авсан юм.
Эрэгтэйчүүдийн хосын төрөлд дэлхийн аварга Индонез улсын Мохамед Ахсан, Хендра Сетиаван нар өрсөлдөгч БНХАУ-ын тамирчдыг ялж, аваргын алтан медалын эзэд болов.
Эмэгтэйчүүдийн хосын төрөлд БНХАУ-ын эгч, дүүс тамирчид болох Луо Инг, Луо Ю нар 2015 оны бадминтоны супер цувралын аваргын алтан медаль хүртсэн бол хосын төрөлд Их Британийн гэр бүлийн хос Крис Эйдкок, Габриель Эйдкок БНСУ-ын тамирчдыг буулган авснаар аваргын алтан медалийн эзэд болсон юм.
Аварга болсон тамирчид Их Британийн бадминтоны спортын түүхэнд супер цувралд анх удаа аваргалж байгаа гэр бүлийн хосоор тодорч, түүх болон үлдэж байгаа юм.
Бадминтоны супер цувралын аваргууд тодров | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.