Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

2026-07-12 19:23:34

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.

 Мэндчилгээнд:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Би Америкийн ард түмний хамт Танд болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна.

40 жилтэй золгож буй АНУ, Монгол Улсын түншлэл манай хоёр улсад урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Энэ оны эхэнд Мянганы сорилтын корпорацын Усны компакт товлосон хугацаандаа баталсан төсвийн дагуу амжилттай хэрэгжлээ. Энэ хамтарсан санаачилгад Таны зүгээс үзүүлсэн бодит дэмжлэгт талархал илэрхийлж байна. Уг төсөл нь миний анхны бүрэн эрхийн үед шаваа тавьж байсан бол одоо Улаанбаатар хотын иргэдийг найдвартай усаар хангах дэд бүтэц болжээ. Энэ ололт амжилт нь манай хоёр улс хамтарч ажиллавал юунд ч хүрч чадахын илэрхийлэл боллоо.

АНУ, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл үргэлжлэн гүнзгийрсээр байгаад баяртай байна. Бид Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” энхийг дэмжих ажиллагаанд үзүүлж буй Монгол Улсын манлайлал, “Энхийн зөвлөл”-д Танай улсын үндэслэгч гишүүний хувиар гүйцэтгэж буй үүрэг зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмэрт талархаж байна.

Ирэх жилүүдэд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтын боломжуудыг тэлж, манай хоёр улсын цаашдын энх тайван, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг дэмжихэд тустай эрчим хүчний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхдээ баяртай байх болно.

Монголын ард түмэн амар тайван, сайхан наадаарай” гэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй