Шууд Chart

Франц сэтгүүлчдэд халтай орнуудын жагсаалтад багтав

2016-01-01 13:15:03

2015 оны дүнгээр Франц улс хамгийн олон сэтгүүлч амь үрэгдсэн гурван орны тоонд орлоо. Энэ оны эхээр Парис хотод “Шарли эбдо” сэтгүүлийн байранд халдлага болох үеэр есөн сэтгүүлч амь үрэгджээ. Улиран одож байгаа 2015 онд дэлхий даяар нийт 110 сэтгүүлч амь үрэгдсэн байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын тайлан илтгэлд өгүүлснээр, 110-ын 67 нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн бол, эдгээрийн 28 нь буюу 40 орчим хувь нь исламын хэт даврагчдын гарт амиа алджээ. Сэтгүүлчдийн амь насанд хамгийн халтай оронд Сири улс тооцогдож байгаа, энэ жил тус улсад хэвлэл мэдээллийн 13 ажилтан амь үрэгдсэн байна.

2014 онд 61 сэтгүүлч амиа алдсан, үүнтэй харьцуулахад 2015 онд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хамгийн сонирхолтой нь 2014 онд эдгээр 61 сэтгүүлчийн гуравны хоёр нь дайн хямрал болсон бүс нутагт амь үрэгдсэн бол, 2015 онд харин эсрэгээрээ амь үрэгдсэн сэтгүүлчдийн дийлэнх нь энх тайван бүс нутагт байжээ. Ингэснээр 2005 оноос хойш ажил мэргэжлээсээ үүдэн халдлагын золиос болсон, амь үрэгдсэн сэтгүүлчдийн нийт тоо 787-д хүрлээ.

Тайлан илтгэлийг боловсруулсан хүмүүсийн хэлж байгаагаар, исламын хэт даврагчид, тэр дотор “Исламын улс” болон “Аль-Каида” бүлэг сэтгүүлчдийн амь насанд хамгийн ихээр заналхийлж байна. Үүнээс гадна “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага Ирак, Бразил, Бангладеш, Өмнөд Судан, Йеменийг сэтгүүлчдийн амь насанд халтай орны тоонд багтаажээ. Франц улс энэ жил анх удаа энэ “хар жагсаалтад” багтсан байна. Өрнөдийн улс оронд сэтгүүлчдийн эсрэг энэ мэт томоохон халдлага анх удаа гарсан болохыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага онцолж байна.

Нийтэлсэн: Т.Цогтоо

Франц сэтгүүлчдэд халтай орнуудын жагсаалтад багтав  
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй