
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг залах ёслол өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо.
Хүндэтгэлийн ёслолын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд улс орон даяар тэмдэглэдэг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж, иргэд олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатайгаар Төрийн түүхийн музейд байрлуулах Үндсэн хуулийн уг эхийг иргэд, олон нийт үзэж танилцах боломжтой гээд ардчилсан шинэ Үндсэн хуулиа туйлбартай сахиж, хүндэтгэж явахыг хүслээ.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, УИХ-ын даргын санаачлагаар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж иргэд, олон нийтэд толилуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн ёслолын нэг онцлог нь Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож байгаа явдал юм гээд Монгол Улсад өнгөрсөн 25 жилд гарсан улс төр, нийгмийн өөрчлөлт, хөгжил цэцэглэлт нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа үнэн зөв байсны илэрхийлэл юм гэдгийг онцлов.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.
Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.