
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа.
Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүд зөвхөн баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх бус нийт нутгийн алслагдсан сумдыг татварын чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй тухай санал гаргасныг дэмжиж Засгийн газарт хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг үүрэг болгосон. Иймээс хуулийн төслийг яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатайг сануулсан бол байнгын хорооны дарга Ч.Улаан Засгийн газраас асуудал оруулж ирэхдээ хойрго хандаж байгааг шүүмжлээд байнгын хорооны хуралдааны протоколоор хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Харин хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав | ||
Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.