
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдгээр хуулийн төслүүдийг баталсны дараа гишүүд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэ төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн билээ. Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Үзэл баримтлалд, эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн , байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаа ажээ. Нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг энэ баримт бичгээр төсөөлсөн байна.
Гишүүдийн олонх дэмжсэнээр, Хавсралтын 2.2.1-ийн Зорилт 2-ын Үе шат 1-ийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 66 хувьд хүргэх”, Үе шат 2-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “Хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 68 хувьд хүргэх”, Үе шат 3-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 70 хувьд хүргэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг тус тус нэмлээ.
Ирээдүйн өв сангийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.