Шууд Chart

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2016-02-05 19:25:17

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа  хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 81.5 хувийн саналаар дэмжиж баталлаа. Үүний дараа УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ .

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ,  “УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталлаа.
 
Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ. 


Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэдэг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг олон улсын гэрээ, конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу хайрцагласан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүллээ. Түүнчлэн, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой шинэчлэл боллоо. 
 
Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг УИХ-ын тогтоолоор баталж Тариалангийн тухай хуулийг баталлаа. Манай нийт өрхийн гуравны нэг нь, хүн амын тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг тул энэ салбарын хөгжилд бид онцгой анхаарал тавих ёстой. УИХ-ын тогтоолд 2025 он гэхэд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлтийг 20 хувьд хүргэх, улсын төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийг 4-өөс доошгүй болгох, нийт сүрэгт үхрийн эзлэх хувийг 10-д хүргэж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээг 200,000 тоннд, нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүг 50 хувьд, 1 га-с авах буудайн ургацын хэмжээг 20 центнерт, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, малын тэжээл үйлдвэрлэлд бүрэн найрлагат тэжээлийн эзлэх хэмжээг 10 хувьд хүргэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн тавьсан байна.
 
Хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбарын хөгжил голлох байр суурь эзэлнэ. Монголын мал аж ахуй нь үндсэндээ өрхийн аж ахуйд суурилан явагддаг тул бид малчин өрхүүдийн эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал тавих ёстой. Энэ оны 02 дугаар сарын 4-нд Засгийн газраас Малчдыг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдад олгох зээлийн хүүг 10 хувь болгох, мөн малчдын хэрэглээний зээлийг хөнгөлөх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, мал сүргээ эрүүл байлгах нөхцөлийг хангахаар ажиллаж буй малчдад бага хүүтэй зээл олгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортийг өсгөж, малчдын орлогыг тууштай нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйг тойрсон үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, худалдаа, тээвэр, газар тариалангийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлнэ." гэдгийг онцоллоо.

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй