
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяа Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Ц.Оюунгэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Женифер Зимдал Галт Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Женифер Зимдал Галт УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаар зарим зүйлийг тодруулж, мэдээлэл авсан юм. Тэрээр Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж, хууль баталсанд баяр хүргэн, тус хуулийг амжилттай хэрэгжүүлэхэд АНУ-ын Элчин сайдын яамнаас туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Тус дэд хорооноос Засгийн газарт Улаанбаатар хотын утааг арилгах үүднээс нэн тэргүүнд гэр хорооллын өрхүүдийн халаалтыг дэвшилтэт аргаар шийдвэрлэх зорилт дэвшүүлэн ажиллах чиглэл өгсөн болохоо дуулгасан юм. Мөн тэрээр, Монгол орны нөхцөлд тохируулан шинээр нэвтрүүлж буй технологи, гарааны компаниудын төслийг АНУ-ын Элчин сайдын яамнаас анхааран үзэж танилцахыг хүслээ. Элчин сайд Женифер Зимдал Галт, утаагүй Улаанбаатар хотыг бий болгоход өөрийн зүгээс идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хоорондын хоёр дахь удаагийн Мянганы сорилтын компакт гэрээний үйл явцын талаар мэдээлэл солилцлоо.
АНУ-ын Элчин сайдтай уулзав | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.