Шууд Chart

АН-ын гишүүд мэдээлэл хийв

2016-02-18 15:18:30

Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар хэвлэлийн хурал хийлээ.

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга ойн өдрийн талаар танилцуулсан. Тэрбээр “Өнөөдрөөс 26 жилийн өмнөх  энэ өдөр Монгол Улсын түүхт үйл явдал болсон. Монголын Ардчилсан холбоо анхдугаар хурлаа хийж, тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн илтгэлээ ард түмэндээ танилцуулж байв. Илтгэлийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам уншиж, олон нийтэд танилцуулж байсан юм. Ардчилсан холбооны анхдугаар хурлаараа ерөнхий зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 35 хүн, тэргүүлэгч гишүүнээр 9 хүнийг сонгосон түүхэн үйл явдал болж байв.

Энэ хурлаас нийт ард түмэнд хандсан уриалга гаргаж байжээ. Мөн тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурал, Монгол ардын хувьсгалт намын төв хороонд өргөн барих бичгийг боловсруулж, өргөн барьсан хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн нь 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байсан юм. Монголын Ардчилсан хувьсгалын партизанууд болон тухайн үед ардчилсан хувьсгалд оролцож байсан бүх хүнд ойн баярын мэндийг хүргэе” гэв.

Мөн тус хэвлэлийн хуралд анхны УИХ-ын даргаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж оролцсон юм. Тэрбээр хоёрдугаар сарын 18-ны өдөр бол Монгол Улсын шинэ үеийн түүхийн чухал тэмдэглэлт өдөр болохыг онцлоод  “26 жилийн өмнө Ардчилсан холбоо анхдугаар хурлаа хийж, тухайн үед ардчиллын төлөө нэгдэн нийлж байсан Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбооны төлөөлөгчид оролцож байв. Тэр үед бид өнөөдрийг ардчилал бат суурьшсан, улс төрийн тогтвортой, улс төрчид нь ард түмнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээн ажилладаг байна гэж  төсөөлж байсан. Нийгэм, эдийн засгийн хувьд бидний төсөөлж байснаас ч илүү дэвшилт гарч. Бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэх, суурьшуулах үүргээ ард түмэн, улс орныхоо өмнө бүрэн хүлээж, ажиллаж байсан.

Гэхдээ бид асуудлыг шийдвэрлэхдээ заавал бусадтай нэгдэх, зөвшилцөх, дэмнэлцэх шаардлагатай байсаар ирсэн. Яг өнөөдөр ч ийм байдалд байна. Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй байх нь 26 жилийн өмнө бидний тэмцэж, төлөвшүүлэхээр зорьж байсан улс төрийн эрх чөлөөний талаарх ойлголт биш. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд бол нэн чухал” гэлээ.


АН-ын гишүүд мэдээлэл хийв  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй