Шууд Chart

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө

2016-02-20 08:32:45

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
 
 
Мөн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн юм.
 
Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байх сууриа илэрхийллээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө. 
 
 
Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, ээлжит бус чуулганаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс  хүлээлт үүсгээд байсан.
 
Хуулиуд тус тусын хүчинтэй болох хугацаа буюу ердийн журмаар, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдсэнээрээ гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сард эхлэх хаврын ээлжит чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо гэдгийг онцлов. Мөн тэрбээр ээлжит бус чуулганаар хэд хэдэн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, эрх зүй, татварын шинэчлэлийн холбогдолтой зарим томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлснийг тэмдэглээд, ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлсэн юм

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй