Шууд Chart

Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би албан ёсоор зодог тайлна

2016-02-22 10:38:25

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржавынд зочиллоо. Манай улсын тамирчид 1964 оны Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргуудаа өлгийдсөн нь саяхан мэт санагдана. Энэхүү баярт үйл явдлын гэрч бол паралимпийн байт харвааны төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн Д.Баатаржав билээ. Түүнтэй утсаар холбогдож, гэрт нь урилгагүй зочин болж очихоо мэдэгдэхэд “Монгол хүн байна даа, ирье гэж байгаа хүнийг цаашаа гэдэггүй юм” хэмээн инээгээд “Би одоо гадуур явж байна. Харих болохоороо эргээд яръя” хэмээн утсаа салгав.

Хэдэн цаг түүнийг залгахыг хүлээсэн ч хариу байдаггүй ээ. Хэвлэл мэдээллийн бид тухайн ярилцагч хүнээ зөвшөөрүүлсэн л бол алдахгүйг хичээнэ.

Нэлээн удсан ч дуудлага ирсэнгүй. Тиймээс өөрөө дахиж утас цохилоо. Тэгсэн мань хүн “Өөр рүү чинь залгахаа мартжээ. Би одоо хүүгийнх рүүгээ явж явна. Тэнд хүрээд ирэх үү” гээд гэрийнх нь хаягийг зааж, миний дотрыг онгойлгов.

Бид ч удаж төдөлгүй такси хөлөглөн түүний байгаа газар руу зүглэлээ. Хаалгыг нь тогшиход гэр бүлийнх нь хүн биднийг угтан авлаа. Амар мэндийг нь эрэнгээ, “Баатаржав гуайнх мөн үү” гээд зорьж ирсэн айлаа баталгаажуулан асуухад “Мөн, мөн. Сэтгүүлчид үү. Наашаа ор” гээд уриалгахан угтав.

Биднийг гадуур хувцсаа тайлж байх үед тэрбээр цаад талынхаа өрөө рүү шагайж “Баатараа хүмүүс ирлээ” хэмээн дуулгав. Бид ч эхнэрийнх нь заасан өрөө рүү орж, дөнгөж суугаад байхад Д.Баатаржав гуай бараг орж ирээгүй байж түрүүлээд мэндлэх нь гавшгай, овсгоотой зантайгаа илтгэнэ. Түүний араас жаахан хүү, охин орж ирлээ. Хүү нь дөнгөж хөлд орж байгаа бололтой. Тэрбээр “Манай охины хоёр байгаа юм. Өвөөгийн бурханууд л даа” гээд хүүг нь өвөр дээрээ, охиноо дэргэдээ суулгав. Энэ зуураа “Хүүхдүүд манайхаар байнга ирнэ. Хөгшин бид хоёр ч эд нартайгаа бужигналдаад суухыг илүүд үзнэ” гээд өвөр дээрх хүүгийнхээ толгойг үнэрлэлээ.

Түүний гэр бүлийн хүнийг Д.Урантэгш гэдэг. Тэд Б.Бэрцэцэг, Б.Золбоо гэх охин, хүү хоёртой. Б.Бэрцэцэг нь улстөр судлаач, санхүүч мэргэжилтэй бол хүү нь байт харвааны “Добу мэргэн” клубт дасгалжуулагчаар ажилладаг. Биднийг үүх түүх ярилцаж байх үед Б.Бэрцэцэг нь цай, хөнгөн зууш өмнө тавиад зэргэлдээх өрөө рүүгээ оров. Бидний ярилцлагад саад болохгүйг хичээж байгаа бололтой. Харин хүү нь үе үе орж ирж хүү, охиноо сахилтгүйтэж байгаа эсэхийг шалгах мэт ажиглаад гарна.

Бидний ярианы сэдэв аавынх нь талаар эхэллээ. Тэрбээр “Хүн бүхэн аав, ээжийнхээ тухай чин сэтгэлээсээ ярьдаг. Миний аав Монгол Улсын начин цолтой, анчин хүн байсан. Зарим хүн аавыг барилддаг гэхээс нь илүү сайн анчин гэж хүндэлдэг байлаа. Учир нь тухайн үед манай улс анчдын төв зөвлөлтэй болж, мэргэшсэн төлөвлөгөөтэйгээр анчдаар ан хийлгэдэг байсан юм. Тэдний дунд аав минь зүй ёсоор орж байлаа. Тэдгээр анчин улсад тэдэн тооны тарвага, чоно, гахай хэрэгтэй байна гэснийг биелүүлж өгнө. Шууд хэлэхэд бэлтгэн нийлүүлэлтийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэсэн үг л дээ. Мөн гадаадынхны хүссэн амьтдыг агнаж өгнө” гээд ан хийж явсан үеийнх нь тухай яриад өндөрлөх маягтай болов.

Тэгэхээр нь та спортынх нь амжилтын тухай яриач гэхэд “За даа гэснээ “1951 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан “урт гарт” хэмээн алдаршсан М.Лхагваар тав давж, начин цолны эгнээнд багтсан юм билээ. Гэхдээ өөр олон номонд янз бүрээр л бичигдсэн байгаа харагдсан. Энэ бол миний л олж мэдсэн зүйл шүү” гээд инээмсэглэв. Та ааваасаа энэ тухай лавлаж байгаагүй юм уу гэхэд “Үгүй. Аав маань ч бидэнд “Би ингэж явсан” гэдэггүй байлаа. Бид ч нэг их сонирхохгүй. “Барилгын яамны бахим хар” гэдэг нэртэй байсан. Улсын наадамд нэг л удаа барилдаад начин цол хүртсэн шиг байгаа юм. Дээхэн япончуудтай Туул голд салаар явдаг байсан болохоор тэр нь давхар бэлтгэл сургуулилт болдог байсан биз. Уг нь дээд боловсрол эзэмших хүсэлтэй байсан ч эсэргүүний хүүхэд гэсэн шалтгаанаар хасагдсан юм билээ” гэх зуураа өвөр дээрээ суулгасан хүүгээ буулгаж, аавд нь тэврүүллээ.

Дээрх зүйлсийн талаар ярих хооронд тэр жаахан хүүгийн нойр ч хүрсэн бололтой уйлагнасан тул ярианд саад болно гэсэндээ аавд нь өгсөн нь тэр л дээ. Д.Баатаржав гуай эхээс тавуулаа. Хамгийн том нь охин, бусад нь хүү. Олон хүүтэй айл ямар байдаг тэр л жамаар гэрээ буулгах шахаж байснаа сонирхуулсан. Тэрбээр “Хорвоод хэн хүчтэй нь амьдардаг хойно ах, дүүтэйгээ үзэлцдэг байлаа шүү дээ. Гэхдээ намайг аав, ах нар маань сайн хүмүүжүүлсний хүчинд өнөөдөр би өдий зэрэгтэй явна” гэв. Эгч нь Монголын төмөр замд машинистаар ажилладаг байсан юм билээ. Зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг ч хэлсэн. Том ах Баатарсүрэн нь Монголын үйлдвэрчний зөвлөлийн даргаар ажиллахын зэрэгцээ бокс тоглодог байсан бол удаах ах нь хувиараа ажил эрхэлдэг байсан аж. Гурав дахь хүү нь өөрөө бол бага дүү нь мөн л бокс тоглодог. Анчин аавын хүү, байт харвааны олимпийн аварга болоод ч тэр үү бууныхаа гол руу хээрийн салхи шургуулж, анд явах, биллярд тоглох дуртай гэнэ билээ. Ан хийдгээ тэр “Аавын минь “юм” надад үлдсэн болоод л энэ байх” хэмээн зөвтгөнө.  

Дараа нь “Дээхэн аав маань тарваганы баярт их явдаг байлаа. Би ч их дагасан. Эрчүүд л болсон хойно хааяа наргиж, хэн нь илүү онч мэргэн болохоо үзэх гэж нэлээн зайтай шүдэнзний мод зоочихоод бууддаг байсан. Надад ч “Овоо хараагаа байндаа ингэж чиглүүлэх ёстой. Гохоо ингэж дар” гэх мэтээр заасан болохоор би заримдаа бай бууддаг байв. Энэ мэтчилэн зүйлээс суралцсандаа чамлахааргүй буудах чадвартай болсон шүү. Тэгээд ч нутаг маань их нөлөөлсөн байх. Манай сумаас хамгийн олон мэргэн төрсөн. Анхны Хөдөлмөрийн баатар харваач ч бий. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багшийн удирдлага дор би 1984-1989 оны хооронд буудлагын дугуйланд явсан. Хойд хөршид сурч байхдаа ахуйн осолд орж хөлөө гэмтээснээр 1989 оноос парагийн төрөлд байт харваагаар өрсөлддөг болсон. Тухайн онд Японд болсон хөгжлийн бэршээлтэй иргэдийн дунд зохиогдсон буудлагын тэмцээнд ч оролцсон” гэв.

Түүний бага нас хаана өнгөрснийг сонирхоход “Хэнтий аймгийн Дадал сум буюу Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газар” гээд их л бахархангуй хариулсан. Учир нь тэр сум ээжийнх нь төрсөн нутаг аж. Тэрбээр ярилцаж байх үедээ байн, байн ханын цаг руугаа харах нь гарах гээд яарч буйгаа илтгэнэ. Гэхдээ цааш ярихдаа “Манай улсын паралимпийн шигшээ баг спортын зургаан төрөлд тамирчин бэлтгэдэг. Байт харвааны төрөлд шагайнаас дээш тайралттай эсвэл булчингийн сулралттай тамирчин багтдаг. Хоёр жилийн өмнөх Инчёны Азийн наадамд байт харвааны төрөлд оролцсон манай улсын нэг охин өлмийгөөрөө тайралттай болохоор хасагдсан. Тэгэхэд би маш их харамссан. Олон жил хөдөлмөрлөж, хөлс, хүчийг нь шавхчихаад байхад тийм шийдвэр гарсан болохоор арга байж үү, тийм ээ” гээд хариулт нэхэх мэт түр чимээгүй болов. Тэгснээ “Тэр жилийн дэлхийн чансаа ахиулах тэмцээнд Францын есөн тамирчин оролцох байсан ч дээрх шалтгаанаар долоог нь хассан. Тиймээс сүүлийн үед парагийн тамирчдын өвчний ангилал улам чангарч байна. Парагийн төрөлд дэлхий даяар ихэвчлэн тэргэнцэртэй болон хөл, гар нь тайралттай тамирчин оролцдог” гэлээ. Тэгэхээр нь өөрийн улсын парагийн тамирчдын бэлтгэл хийх бааз ямар байдгийг сонирхоход “Маш муу. Тамирчдад бие даасан заал байдаггүй болохоор бэлтгэл нь эрчимтэй явагддаггүй. Одоогоор бид аль нэг спортын шигшээ багийн заалыг түрээсэлж бэлтгэл хийх гэхээр хөрөнгө байдаггүй. Тиймээс парагийн жүдо бөхийн тамирчид л гэхэд улсын үндэсний шигээ багийн тамирчидтай эрүүл хүн шиг бэлтгэл хийж байна. Буудлага, байт харваагийнхан ч мөн адил” гэв.

Ярианы сэдэв нэгэнт ийм болсон хойно бусдын үзэл суртлын тухай лавлав. Өнөөдөр яг үнэндээ олонх хүн олимпийн топ таван төрөлд өрсөлддөг тамирчдаараа бахархаж, харийнханд гайхуулах мэт ярьдаг ч парагийнхныг нэг их ойшоодоггүй. Тиймээс энэ талаар асуухад “Илт мэдрэгддэггүй л дээ. Гэхдээ тийм зүйл ажиглагддаг нь үнэн. Жишээ нь, телевизийнхэн биднийг эрүүл тамирчидтай хамт суулгаж, ярилцлагад оруулчихаад дараа нь биднийг хасаад гаргадаг. Эсвэл аль нэг самбарт зураг гаргахдаа мөн л хасах, эсвэл ард нь эвлүүлгээр хагас дутуу оруулдаг. Үүнийг би хувьдаа тухайн байгууллагын удирдлагуудын сэтгэлийн асуудал юм уу даа гэж боддог” гээд гомдонгуй хариулсан. Энэ үед “Хэн нэгэнд зовлон хэлж биш, хийсч ирдэг хойно адилхан хүнийг тэд яах нь вэ дээ” гэсэн бодол төрж байсан.   

Рио-де-Жанейрогийн олимпийн тухай ярихад “Манайхан буудлага, байт харвааны төрөлд ямар ч байсан өрсөлдөнө. Тэмцээн бүр судалгаанд суурилдаг болохоор судалгаа ч их хийгдэж байгаа. Залуу тамирчин гаргах ч бодол бий. Би энэ жилийн олимпод оролцоод албан ёсоор зодог тайлахаар төлөвлөсөн. Цаашдаа дасгалжуулагчаар ажиллана. Дасгалжуулагчаар ажилладаг хүнийг олимпод оролцуулахгүй гээд байгаа болохоор энэ жилдээ бусад тамирчиддаа бэлтгэл хангагч маягаар ажиллаж, зөвлөнө. Төрөөсөө Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн болохоор цаашид сайн тамирчин бэлтгэх үүрэгтэй. 2008 оны олимпоор гурван аварга мэндэлсэн чинь бүх спортын төрөлд залуус олноор орсон. Сайн дасгалжуулагчтай зарим клуб ачааллаа даахаа байсан. Харин хоёроос гурван жилийн дараа өнөө хүүхдүүдээс шалгарч үлдсэн цөөн хэд нь өнөөдөр хүртэл Спортын ордноо зорьсоор байна. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад сар бүр өндөр хэмжээний мөнгөн тэтгэлэг олгох болсон нь ч нөлөөлсөн” гэлээ.

Буудлага, байт харвааны төрөлд өрсөлддөг тамирчдад насны ялгаа нэг их байдаггүй. Тиймээс олимпийн наадамд түүнээс ахмад тамирчин ч өрсөлддөг гэнэ. 2008 оны хувьд тэрбээр гурав дахь олимпдоо “зодоглосон”. 2004 оны Афины олимпод түрүүлнэ гэсэн зорилготой явсан ч чадаагүй болохоор 2008 онд оролцохоор эх орноосоо мордохдоо мөн л түрүүлнэ гэсэн чин хүсэлтэй, гэр бүл, найзууддаа “том” амлалттай явж, амлалтаа биелүүлж чадсан баатар эр. Ийн ярилцах зуур “Баатрыг төрүүлсэн эх орон өөрөө баатар билээ” гэсэн сайхан үг ч санаанд буув.  

Олон хүн түүнийг Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын адил алтан соёмбот далбаагаа, төрийнхөө дуулалтайгаа олимпийн тэнгэрт мандуулахад баярласан. Дээлэндээ багтахгүй баяр гэдэг тэр л байсан. Том компанийн захирлууд ч сэтгэлийнхээ хөөрлөөр “том том” шагнал өгөхөө амласан. Тиймээс энэ тухай асуухад “Төр засаг, Мобиком, Петровис ХХК-иас бусад нь худлаа хэлсэн дээ. Хүмүүс намайг бүгдээс нь амласан бэлгээ авсан гэж боддог юм шиг байна билээ. Жишээ нь, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нар өнөө том шагналаа өгөөгүй ээ. Тодруулбал, Б.Наранхүү нэг сая ам.доллар, Ц.Мянганбаяр хэдэн кг ч билээ алт өгнө гэж хэлсэн. Тэглээ ч би тэднийг идэж байгаа хоолныхоо талыг өгөөч гэлтэй биш, нэхээгүй. Хүмүүс “Аваач” гээд байхаар нь нэг удаа Б.Наранхүү рүү хүн явуулж асуулгасан. Гэтэл тэр “Эрүүл хүмүүст нь л өгнө гэсэн шүү дээ. Баатаржав гуайд өгч чадахгүй” гэж хэлээд гаргасан байна билээ. Би тэр үгэнд нь гомдоогүй. Хамгийн гол нь аавын олон хүүг алаг үзэх хэрэггүй л байхгүй юу. Бусад аваргад өгсөн л гэсэн” гээд өмнөө тавьсан цайнаасаа балгав.  

Гэхдээ тэр өнөөдөр хэн нэгнээс гуйлга гуйхгүйгээр эрийн хийморь, авьяасаараа сайхан амьдарч чадаж байгаа. Тэрбээр “Намайг олимпийн аварга болсны дараа хүмүүс “Амьдрал чинь дээшилсэн биз дээ” гэдэг болсон. Өмнө нь муу байгаагүй ч сайхан амьдарч байгаагаа нуулгүй хэлдэг. Аль нэг тэмцээнд амжилттай оролцвол шагналын мөнгө авна. Ерөнхийлөгчийнхөө буянаар ч сар бүр дөрвөн сая төгрөг хүртдэг. Гэхдээ сүүлийн үед дээрх тэтгэлэг тасалдаж, гурван сар болоод бөөнөөр олгогддог болсон. Энэ улсын төсөвтэй холбоотой байх л даа. Бид ч дургүйцээд байгаа юм биш. Боломж нь тэр болохоор ойлгож байгаа” гэв.

Түүнийг амжилтад хүрсний дараа нутгийн зөвлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс “Сургалтын төлбөр, орон байраар хангаж өгөөч” гэсэн хүсэлт маш их ирдэг болсон гэнэ билээ. Чадах ядахаараа ч гүйцэлдүүлснээ дуулгасан.  

Тэрбээр өдгөө Паралимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоонд мөн л удирдах зөвлөлд нь ажилладаг. Энэ холбоонд ажилласнаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхзүйн актыг өөрчилж, олон улсад хууль өргөн барьсан юм билээ. Үүнийхээ дагуу нэлээн олон хүний нийгмийн асуудлыг ч сайжруулсан аж. Одоо ч хууль санаачилж, олон улсын конгрессийн гишүүдэд өргөн барьсан гэсэн. Энэ мэт зүйл ярих мөчид тэрбээр “Ах нь одоо дахиад гарах боллоо. Хүнтэй уулзах ёстой юм” гээд учирлав. Бид ч түүний дараагийн ажилд саад болохгүйн тулд тус тусынхаа ажлыг хөөцөлдөхөөр гарцгаав. Сайтынхаа хамт олны болон уншигчдынхаа өмнөөс танд “Рио-2016” олимпод алдраа дахин мандуулж, алтан медаль ихэрлүүлэхийг хүсэн ерөөе.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би албан ёсоор зодог тайлна  
Үзсэн: 4304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-03-08 15:29
zaluuhan saihan ovorgui hun bnaa.ach zee ni gej bodsongui,huuhduud ni l yum bh gej bodloo sh de.yahiin argagui mongoliin mine baharhal da.amjilt.ahiad ALT avaarai uragshaa
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-02-22 23:53
Hogiin gar baina lee . judaggui gej humuus yrij bna
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-02-22 16:35
hun muutai hun dee!
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-02-22 12:31
одоо тайл
49.0.161.xxx [49.0.161.xxx] 2016-02-22 11:45
За сайн бна .Ийм үлгэр жишээ болох хүн байж нэг муу жижигхэн БИЛЛЯРЬД энэ тэрээр явахаа болиорой .БААТАР АА

Бидэнтэй нэгдээрэй