
УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ үеэрээ үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав. Дундговь аймгийн 15 сумын хэмжээнд 78 үйлдвэр, цех хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, 255 гаруй хүн ажилладаг байна. Эдгээр үйлдвэрлэгчид орон нутгийн хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээний 45-50 хувийг хангадаг бөгөөд УИХ-ын дарга хүнсний үйлдвэрлэл эрхлэгч “Говийн гэгээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал Н.Эрдэнэбат 2003 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, 2011 онд компани байгуулан, үйл ажиллагааг нь өргөжүүлжээ. Одоо “Говийн гэгээ” ХХК 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сард дунджаар 8 сая орчим төгрөгийн борлуулалт аймгийнхаа хэмжээнд хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг тогтмол ажлын байраар ханган, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа талаараа тус компанийн захирал УИХ-ын даргад танилцуулав.
Цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байгаа хэдий ч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэг болгож чадахгүй байгаагаа хэлж байв. “Говийн гэгээ” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбат хэлэхдээ 2014 онд ЖДҮХС-аас 15 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн байраа завсарлан, шинэ байрны ажил эхлүүлээд байгаагаа дуулгаж байв. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкнаас бизнесийн зээл авахад нэн тэргүүнд зээлийн шалгуур өндөр байдаг, цаашлаад зээлийн хүү өндөр учраас зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо тун бага байдгийг хэлж байсан. Тиймээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоход анхаарах, бичил бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалыг хөнгөлөх зэрэг дэмжлэг үзүүлэх талаар төр, засгийн зүгээс судалж үзээсэй хэмээн хүсч байдгаа Улсын Их Хурлын даргад дуулгалаа.
Дундговь аймагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг бүртгэлтэй 500 гаруй иргэн, аж ахуй нэгж байдаг бөгөөд УИХ-ын дарга тус аймагт ажиллах үеэрээ модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Агь” мужааны цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мандалговь суманд 3 аж ахуйн нэгж модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ба “Агь” мужааны цех 2007 оноос хойш гэрийн мод, модон эдлэл болон төрөл бүрийн тавилга үйлдвэрлэж байгаа юм байна. Тус цехийн захирал Г.Цэрэндаш УИХ-ын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулах үеэрээ “Манай аймгийн урчуудын хийсэн гэрийн мод эрт үеэсээ алдартай. Тиймээс аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үүний тулд бүтээгдэхүүний чанарт өөрөө хяналт тавьж, ажилчдынхаа ур чадварыг сайжруулахад анхаарч, мужаанууддаа зааж зөвлөн ажилладаг” гэв. Сард дунджаар 5-6 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч бүтээгдэхүүний захиалга нэмэгдэн, ачаалал ихсэх үед 4-5 туслах ажилчин нэмж ажиллуулдаг талаараа УИХ-ын даргад танилцууллаа.
“Агь” мужааны цех түүхий эдээ Улаанбаатар хотоос авдаг бөгөөд модны үнэ сүүлийн жилүүдэд өсч байгаагаас бүтээгдэхүүнийх нь үнэ ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой гэдгээ тус компанийн захирал Г.Цэрэндаш хэлж байлаа.
УИХ-ын дарга Дундговь аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.