
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулга хийсэн. Тэрбээр Зөрчлийн хуулиар зохицуулсан хууль зүйн хариуцлагын нэгдсэн тогтолцооны талаар, зөрчлийн ойлголт ба шинж, шийтгэл, албадлагын арга хэмжээний талаар хуульд хэрхэн туссаныг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.
Мөн Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг Хууль сахиулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн. Хуулийн төсөл 12 бүлэг, 117 зүйлтэй бөгөөд хууль сахиулах нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг тогтоох, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хүний эрхэд суурилсан, нийгмийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн аргаар хэрэгжүүлэх журмыг тогтоох, тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх нь эцсийн арга хэмжээ байхаар хуульчилж, хэрэглэх журмыг нэгтгэн зохицуулахаар тусгасан байна.
Хууль сахиулагч гэж ямар хүнийг ойлгох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, хууль сахиулах нийтлэг үйл ажиллагаа, албадлага хэрэглэх төрөл, журам, үндэслэл, албадлага хэрэглэх эрх бүхий этгээд, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хэрэглэх эрх бүхий этгээдийн талаар төсөлд хэрхэн тусгасныг Тахарын ерөнхий газрын дэд дарга дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд хуулийн төслийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Хууль сахиулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.