Шууд Chart

Д.Баярсайхан: Манай тамирчид Улаанбаатар-Франкфурт-Рио Де Жанейро гэсэн маршрутаар явна

2016-03-21 13:22:30

Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны XXXI олимп, паралимпийн тоглолт болоход хэдхэн сарын хугацаа үлдээд байна. Тус олимпийн бэлтгэл ажилтай Эрүүл, мэнд спортын яамны Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Бахытжан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр, Биеийн тамир хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, МҮОНРТ-ийн спортын албаны сэтгүүлч Д.Баярсайхан, зураглаач Ц.Зол-Эрдэнэ нар энэ сарын 11-18-ны өдрүүдэд танилцаад ирлээ. Явсан газрынх нь сонинг сонсохоор сэтгүүлч Д.Баярсайхантай бид ярилцсан юм.

-Олимпийн наадмын өмнөх судалгааны ажил бүрэн хийгдэж амжив уу?

-Хүн төрөлхтний их наадам “Рио-2016” эхлэхэд 136 хоног үлдлээ. Бид Улаанбаатар-Бээжин-Дубай-Рио Де Жанейро гэсэн маршрутаар яваад ирлээ. Ер нь бол тус олимпид оролцох тамирчдаа яаж явуулбал дөт байж, зорьсон газраа ядрахгүй хүрэх вэ гэхээс эхэлж судалсан. Албаны хүмүүс тамирчдаа Улаанбаатар-Франкфурт-Рио Де Жанейро гэсэн маршрутаар явуулахаар болсон. Судалгааны ажил ч бүрэн хийгдсэн.   

-Рио Де Жанейрогийн цаг агаарын байдал ямар байна вэ?

-Улаанбаатарт 10 гаруй хэмийн хүйтэн байхад тэнд 31 хэмийн дулаантай, бороо орж байсан. Олимпийг зохион байгуулах тусгай хороонд 2000 гаруй хүн ажиллаж байгаа юм билээ. Төлөөлөгчид нь олимпийн бэлтгэл ажлаа бидэнд танилцуулахдаа тамирчдын байрлах байр, бэлтгэл хийх заал, зам тээвэр, эмчийн үйлчилгээ болон үзэгчдийн очиж болох үзэсгэлэнт газруудыг чөлөөтэй болгож байгаагаа дуулгасан. Спортын төрлүүдээ яг хэдэнд, хаана, хэдэн цагаас эхлүүлэхээ ч нарийн тооцоолсон байсан.

-Тамирчдын тосгонд нь очиж үзэв үү?

-Үзсэн. 17 давхар 21 байшинтай цогц хорооллыг бий болгосон байна. Тэнд 15 орчим мянган хүнийг байрлуулахаар төлөвлөсөн гэсэн. Гэхдээ 10500 орчим тамирчин ирнэ байх гэж тооцоолсон бол үлдсэн нь албаны хүмүүс гэж төлөвлөжээ. Тамирчин, албаны хүмүүсийн бүртгэл хэзээ дуусах нь албан ёсоор гарсан байсан болохоор тухайн өдөр яг хэдэн хүн тэр тосгонд байрлаж буйг мэдээлэх байх. Хамгаалалтын асуудал ч яригдаж байсан шүү.    

-Нээлт, хаалт хаана болохоор төлөвлөгдсөн байна вэ?

-“Маракана” цэнгэлдэх хүрээлэнд. Энэ нь дэлхийд хамгийн томд тооцогддог болохоор олон улсын иргэдийн анхаарлыг үргэлж татдаг. 176 мянган хүний суудалтай байсан ч засвар хийгээд 86 мянган хүний багтаамжтай болгосон гэсэн. Тэнд олон арван томоохон тэмцээн зохион байгуулагдаж байсан түүхтэйг олон хүн мэднэ байх. Есүсийн хөшөө, самба бүжгийн талбай зэрэг түүхэнд тэмдэглэгдсэн дурсгалт зүйлээ байрлуулсан байна билээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил 85 хувьтай байна гэж бидэнд танилцуулсан. Нэг зүйл нэмж хэлэхэд, 2009 оныхтой харьцуулвал зам тээврийнхээ асуудлыг сайн хангасан байсан. Том, том уулыг хүртэл нүхэлж тунейль гаргаад, олон туслах зам бий болгосон байлаа.

-Манайхан тамирчдын тосгонд байрлах юм уу?

-Бидний явсан гол зорилгын нэг бол тамирчдаа хаана байрлуулахаа шийдэх байсан. Ингээд олимп болох газраас 180 км-ын зайд орших цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар гэрээ хийж, тохиролцсон. Тэднийг тамирчдын тосгонд байрлуулах гэхээр хотынхоо төвд байдаг болоод ч тэр үү дуу шуугиантайгаас гадна далайн түвшнээс нам дор газар байрлах болох гээд байсан. Тиймээс арай өндөр газартайг онцолж 180 км-ын зайнд орших дээрх цэцэрлэгт хүрээлэнг сонголоо. Манай тамирчдын түрүүч ирэх зургаадугаар сарын сүүлчээр Рио руу хүлгийн жолоо зална. Мөн Улаанбаатараас монгол тогооч авч явна. Тамирчдын хувьд бэлтгэлээс гадна чанартай, эрүүл хоол чухал тул ингэж шийдсэн хэрэг. Тэгээд ч манай тамирчид алтан медаль хүртэхийн төлөө зүтгэх болохоор улсаас тэднийхээ бүх талыг аль болох бүрэн хангахаар ингэж хичээж байна.  

-Энэ удаагийн олимп хэдэн зуун тэрбум ам.доллараар зохион байгуулагдахыг хэлж байна уу?

-Тэр талаар нарийн ярьсангүй. Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад арга хэмжээ болох талбай, засвараа 100 хувь бэлэн болгохоороо энэ талаар ярих биз. Одоогоор үйл явц чухам хэдэнд, хэзээ, хаана болохыг л нарийн гаргаж байгаа юм билээ.

-Бусад улсын судалгааны төлөөлөгчид очиж уу?

-Байнга л ирж, очиж байгаа юм билээ. Зарим улсын тамирчин нь тэнд байрлаж, бэлтгэлээ базааж байгаа гэсэн. Тэгэхээр тэдний цагийн зөрүү эрт гарч, уур амьсгалд нь дассан байх сайн талтай.

-“Зика” вирусын халдвар тараадаг шумуулын тухай яриа олимпид нөлөөлөх хэмжээнд хүртлээ  яригдаж байгаа шүү дээ. Байдал ер нь ямар байна вэ?

-Энэ талаар яах аргагүй ярьж байсан. Бразилын 27 мужийн 24-д нь энэ шумуул тархсан гэсэн. Гэхдээ энэ талаар тус улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтарч томоохон арга хэмжээ авч байгааг дуулгасан. Тиймээс санаа зоволтгүй гэсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр үүнтэй зэрэгцээд улс төрийнх нь асуудал ч хүндээр яригдаж байгаа юм билээ.

МҮОНРТ “Рио-2016” олимпийг эх орондоо шууд дамжуулах эрхийг албан ёсоор авсан. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн сансрын дамжуулалт, кабель, IPTV, интернэт, үүрэн холбоо, радио зэрэг 15 төрлөөр тус наадмыг Монголын үзэгчид хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм. Олимпийн наадмыг сэтгүүлч Д.Баярсайхан хамт олныхоо хамт цэнхэр дэлгэцээрээ үзэгч түмэндээ хүргэх билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Баярсайхан: Манай тамирчид Улаанбаатар-Франкфурт-Рио Де Жанейро гэсэн маршрутаар явна   
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2016-03-21 17:57
180 км зайнд гэхээр замдаа их цаг зарцуулахнээ... тосгондоо байж болдоггүй юм уу, тэмцээн ьн тэндээ л болох учир?!

Бидэнтэй нэгдээрэй