Шууд Chart

Хэмжил зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2016-03-29 11:15:59

Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр Хэмжил зүйн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлэв.  Төрөөс дэвшүүлж байгаа бодлого болон практикт гарч байгаа зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мөн манай улсын хэмжлийн үнэн зөв байдлыг хангах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын даргад танилцууллаа. 

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд үндэсний үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын хэмжээнд хэмжил зүйн салбарт мөрдөж байгаа нийтлэг зарчим, арга зүйд өөрийн орны хэмжил зүйн хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага нэмэгдэж байна. 

Хэмжил зүйн тухай хуулийн төслийг практикт тулгарч байгаа бодит шаардлага, хуулийг хэрэгжүүлж ажилласан туршлага, “MNS OIML D1:2013” үндэсний стандартад үндэслэн боловсруулжээ. Аль ч улс орны хэмжил зүйн хууль тогтоомжийн үндэс нь тухайн улсад хэмжлийн нэгжийн ямар системийг хэрэглэхийг тогтооход орших бөгөөд Монгол Улс дэлхийн 200 орчим улс оронд мөрдөж байгаа Хэмжлийн нэгжийн олон улсын систем (SI)-ийг Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1979 оны 414 дүгээр тогтоолоор 1981 оны 1 дүгээр сарын 1-нээс, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу 1995 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэж ирсэн бөгөөд нэгжийн энэхүү системийг цаашид ч үргэлжлүүлэн мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. 

Хэмжил зүйн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын хэмжил зүйн бодлого, стратеги, хэмжил зүйн хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх замаар хэмжил зүйн ажил, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээг шуурхай болгох, бизнес эрхлэхэд эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ач холбогдолтой ажээ.


Хэмжил зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй