Шууд Chart

УИХ-ын дарга “Монгол фармер” ложистик худалдааны төвийн төслийн явцтай танилцав

2016-03-31 14:21:05

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүнсний ногоо тариалагчид, малчидтай хамтран ажиллаж, импортыг бууруулж, эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах зорилгоор "Дельта холдинг" ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол фармер” ложистик худалдааны төвийн төслийн явцтай танилцав. 

Монгол Улс жилдээ 68.500 тонн буюу 27 тэрбум төгрөгийн хүнсний ногоог импортлож байна. “Дельта холдинг” ХХК олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн иж бүрэн системийг бүрдүүлэх замаар хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээд зэргээр хангахуйц орчин үеийн жишиг цогцолбор ложистик төв байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат Улсын Их Хурлын даргад танилцуулав. Хоёр үе шаттай хэрэгжүүлж буй уг төсөл эхний ээлжинд 1000 тн-ын багтаамжтай махны хөргүүртэй зоорь, 1200 тонн-ын багтаамжтай жимс, хүнсний ногооны хөргүүрийг шаардлагатай иж бүрэн дэд бүтцийн хамт ашиглалтад оруулжээ. Ингэснээр 14 ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд төслийн дараагийн шатыг хэрэгжүүлж дуусахад 24 шууд ажлын байр, шууд бусаар 1000-2000 орчим ажлын байрыг бий болгох тооцоолол гаргажээ. 

Төслийн нийт хөрөнгө оруулалт 25 тэрбум төгрөг бөгөөд эхний ээлжийн 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 7.5 тэрбум төгрөгийн зээл авсан ба 03 дугаар сарын 31-ний байдлаар 5.0 тэрбум төгрөгийг эргэн төлжээ. Үлдэгдэл 2.5 тэрбум төгрөгийг 8 сарын хугацаанд төлөх графиктай байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Төслийн хоёрдугаар ээлжийг 2016-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 2200 тн-ын багтаамжтай зоорь, хүнсний ногооны ангилан ялгах цех, махны ангилан ялгах цехийг байгуулах юм байна. 

Төслийн хүрээнд ашиглалтад ороод буй зооринд 180 тн байцаа, 140 тн сонгино, 120 тн төмсийг стандартын дагуу хадгалж байгаа бөгөөд өндөр үр дүнтэй байгаа юм байна. Түүнчлэн алим, сарнай зэргийг хадгалж туршсан нь амжилттай болсон талаар танилцуулгын үеэр дурдаж байлаа.

Төсөл хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд хүнсний ногооны зоорийн хэрэгцээний 33.2 хувийг хангах юм. Түүнчлэн зориулалтын тээвэрлэлт, техник хэрэгслийг технологийн дагуу нэвтрүүлснээр хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангах боломж бүрдэнэ хэмээн тооцсон байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, орчин үеийн техникжсэн суурин фермийн аж ахуй хөгжлийг суурийг тавих, тариаланчдыг дэмжих замаар жимс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийг тогтворжуулах боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой талаар  "Дельта холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат танилцуулгадаа онцолж байв. 


УИХ-ын дарга “Монгол фармер” ложистик худалдааны төвийн төслийн явцтай танилцав  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй