Шууд Chart

Байгууллагууд түрээсийн зардлаа тайландаа тусгадаггүй гэв

2016-04-01 16:38:13

Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, түрээсийн хуулийн төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хөтлөн явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт түрээслүүлэгч, түрээслэгчдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр “МИРИМ Консалтант” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мөнхбат Түрээсийн харилцаа болон үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчны талаар хийсэн судалгааны талаар танилцуулсан юм. Тэрбээр түрээсийн харилцаа, үйл ажиллагаа орчин нөхцөлийн судалгааг үндэсний хэмжээнд хийхдээ үнийн нөлөөлөл, чадамж, барьцааны сан байгуулах боломж, түрээсийн даатгалын тогтолцоог судалж, гурван ч удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Түүнчлэн АНУ, Их Британи, Герман, Казахстан, Норвеги, Польш, Хятад, ОХУ, Японы туршлагыг мөн судалсан талаар танилцуулгадаа дурдсан.

Ингэхдээ ажлын байр, орон байр, газрын түрээсийг хамруулсан бөгөөд гэрээ, үнэ тогтоолт, үнэ тогтоолтод нөлөөлж буй хүчин зүйл, төлбөрийн хэмжээг тогтоох аргачлал, үнийн хэмжээ ямар байгааг нарийвчлан судалжээ. Түүнчлэн түрээсийн үнэд нөлөөлж буй хүчин зүйл, түрээстэй холбоотой гардаг маргаан, маргааныг шийдэж буй байдлын талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүний мэдээлсэнээр, түрээслүүлэгчид түрээслэгч нартай хийж байгаа гэрээнүүд хэт ерөнхий, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэж чаддаггүй байна. 160 гэрээнд шинжилгээ хийж үзэхэд иргэн хоорондын үүрэг ерөнхийгөөс гадна дангаараа цуцлах боломжтой 1-2 хуудас гэрээ хийгддэг бол иргэн, хуулийн этгээд хооронд 2-5 хуудас гэрээ хийгддэг болох нь харагджээ. Маргааны 54.2 хувийг харилцан тохиролцсоноор шийдвэрлэсэн гэсэн статистик гарсан бөгөөд 34.3 хувь нь түрээслүүлэгчийн саналаар, 3.7 хувь нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Аж ахуйн нэгжүүдийн 39.6 хувь нь түрээсийн байранд байдаг ч, 30 хувь нь л тайландаа түрээсийн зардлаа тусгадаг байна.

2011 онд аж ахуйн нэгжүүд 197 тэрбум төгрөг татварт төлсөн бол, түрээслүүлэгч 69 тэрбум төгрөгийг түрээсийн төлбөрөөс олсон гэж тайлагнажээ.

“МИРИМ Консалтант” ХХК-ийн хийсэн судалгаанд түрээслэгчийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тусчээ. Тухайлбал, түрээслэгчийн эрх ашгийг хамгаалдаггүй, түрээсийн үнэ өндөр, эрх нь зөрчигддөг, стандартын шаардлага хангахгүй орчинд ажиллаж амьдардаг, дарамт их, хуулийн орчин муу, хяналт байдаггүй зэрэг олон асуудал тулгардаг байна. Түрээслэгчийн эрх зөрчигддөг асуудалд олуулаа хамт түрээслэх гэхээр оруулдаггүй, хүйсээр ялгаварладаг, бэлгийн дарамт үзүүлдэг, гэрээгээ биелүүлдэггүй, өөрсдийн шаардлагыг тулгадаг зэрэг үйлдлүүд багтаж байгааг танилцуулгын үеэр мөн онцолж байлаа. Ажлын байр түрээслэгчид олон янзын татвар төлдөг, мэргэжлийн хяналтын шахалтад өртдөг зэрэг асуудлын талаар ч өгүүлсэн байна.

Судалгааны явцад Түрээсийн төлбөрийг 10 хувиар нэмэхэд борлуулагчид хэдэн хувиар барааны үнээ нэмэгдүүлэхийг сонирхож үзэхэд оролцогчдын 57 хувь барааны үнээ шууд нэмэгдүүлнэ гэж хариулжээ. Түрээсийн төлбөр 10 хувиар нэмсэн тохиолдолд дунджаар бараа бүтээгдэхүүний үнээ 5-6 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо ч мөн гарсан байна.

Үйл ажиллагааны түрээсийн харилцааг зохицуулж байгаа 17 эрх зүйн баримт бичиг байгаа бөгөөд Иргэний хуулиар гол зохицуулалт хийгдэж буй юм байна. Газрын түрээсийн хувьд Газрын тухай хууль гол үүрэгтэй байгаа аж.

Харин түрээслэгчийн бий болгосон гүүдвилл, чадамжийн үнэлгээ, барьцааны зохицуулалт, даатгалын асуудал зохицуулагдаагүй үлдсэн бөгөөд Иргэний хуулийн 294.2.3-д “хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан” бол гэрээг шууд цуцлах давуу эрх олгосон байдаг аж. Судалгаанд оролцогчид үйл ажиллагааны түрээсийн тусгай зохицуулалт шаардлагатай гэж үзсэн учир хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна.


Байгууллагууд түрээсийн зардлаа тайландаа тусгадаггүй гэв  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй