Шууд Chart

“Хоногийн зээл” нэрээр хууль бус санхүүгийн үйлчилгээ явуулж байна гэв

2016-04-14 12:40:19

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлийн дагуу хоёр асуудлаар тодруулга, уулзалт зохион байгуулсан талаар танилцуулав.

Уг арга хэмжээний үр дүнд айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон 7700 иргэнийг хохироогоод буй 83 байгууллагын нэрийг олон нийтэд зарлав. Мөн орон сууцны метр квадратыг стандарт бус аргаар тооцож, иргэдээс үндэслэлгүйгээр илүү төлбөр авсан барилга угсралтын компаниудтай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох байгууллагууд, мэргэжлийн хүмүүстэй уулзалт зохион байгуулсан. Үүний үр дүнд холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу иргэдийг хохироосон 44 компанийн нэрийг танилцууллаа. Өргөдлийн байнгын хороо цаашид холбогдох байгууллагуудтай хамтран хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч, дээрх байгууллагаас иргэдэд учруулсан хохирлоо барагдуулах хүртэл ажиллана гэлээ.

Мөн иргэдээс тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд үндэслэн хэд хэдэн асуудалтай холбоотойгоор хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаар төлөвлөөд байгаа талаараа мэдээлэв. Тодруулбал, “хоногийн зээл” нэрээр хууль бус санхүүгийн үйлчилгээ явуулж, иргэдийг хохироож байгаа асуудалтай холбоотойгоор ойрын хугацаанд Өргөдлийн байнгын хороо ажиллан, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана гэв.

Түүнчлэн хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдээс Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл, хүсэлт олныг ирүүлдэг болохыг тэрбээр онцлоод, хууль сахиулах байгууллагаас явуулж буй зарим мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.


“Хоногийн зээл” нэрээр хууль бус санхүүгийн үйлчилгээ явуулж байна гэв  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй