Шууд Chart

Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг дэмжлээ

2016-04-15 15:05:30

Өнөөдөр хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслөөр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлжээ.

Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан гэдэг хэллэгийг хуулинд оруулах нь зохимжгүй, хуулийн төслийн агуулгыг дэмжиж байгаа боловч томилогддог албан тушаалтны хариуцлагын асуудлыг төрийн албаны хуулиар, сонгогддог буюу улс төрийн албан тушаалтны хариуцлагын асуудлыг тухайлсан хуулиар нь зохицуулах нь зүйтэй тул хууль санаачлагч төслөө дахин боловсруулж оруулж ирэх, мөн төрийн албан тушаалтанд хариуцлага тооцоход импичмент чухал гэдгийг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй, гэхдээ асуудлыг өргөн хүрээгээр авч үзэх шаардлагатай бөгөөд ийм байдлаар хуулийг баталвал төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул хууль санаачлагч төслөө татан авч дахин боловсруулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төрийн дээд албандаа ч биш бүх шатанд хариуцлагын асуудал чухал болсон өнөө үед хуулийн төслийг дэмжиж байгаа, хариуцлага тооцох хуультай болсноор төр тогтворгүй болохгүй, энэ хуулийн төслийг Төрийн албаны тухай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хариуцлагыг хэн, хаана, хэрхэн хүлээх гэсэн зарчмыг баримтлан хуулийн төслийг боловсронгуй болгох хэрэгтэй, Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Монголбанкны ерөнхийлөгч гэх зэрэг томилогддог албан тушаалтанд хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, нарийвчлан зааж өгөх, хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын томоохон хэсэг гаргаж өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын импичментийн тогтолцоог хэрэглэх талаар саналаа хэлсэн болно. Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй гэхдээ тойргоор болон намын жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах нь төрийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй талаар тус тус саналаа илэрхийлсэн байна. Энэ тухай Улсын Их Хурлын гишүүн А.Бакей чуулганд танилцуулаад Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг  чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжээгүй болохыг илтгэлээ.

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтантай хэн хариуцлага тооцох, хариуцлага тооцох үндэслэл нь юу байх, үүнийг улс төрийн зорилгоор буруу, урвуулан ашиглах эрсдэлийг хэрхэн тооцсон, олон улсын туршлага, судалгаанд үндэслэсэн эсэх, хэрэгжих боломж, цаг үе нь мөн үгүйг, хариуцлагын төрөл, хэлбэр түүний дотор улс төрийн, ёс зүйн хариуцлага гэхийг хэрхэн ойлгох, хариуцлагын босгыг яагаад янз бүрээр тогтоосон  зэрэгтэй холбоотой асуултыг  гишүүд тавьж, хууль санаачлагчийн төлөөллөөс хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой саналаа илэрхийлэхдээ, бүх шатанд  түүний дотор төрийн өндөр түвшинд хариуцлага төлөвшүүлэхийг ард түмэн хүсэж байгаа бөгөөд хариуцлагыг төлөвшүүлэхгүйгээр ардчилал төлөвшихгүй гэдгийг тэмдэглэхийн сацуу сайн төр, парламентын сайн засаглалыг бий болгох үйл явцыг хурдасгахад энэ хуулийн төслийн зорилго оршиж байгааг гишүүд  онцоллоо.

Хариуцлага тооцох асуудлыг Төрийн албаны, Улс төрийн намын  тухай, Эрүүгийн хуультай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй, улс төрийн систем, төрийн тогтолцоотой уялдуулж цогцоор, иж бүрнээр нь оруулж ирүүлэх, хариуцлага тооцож болохгүй хаалтуудыг арилгах, хариуцлага тооцох хязгаарыг тогтоож өгөх, хариуцлагын асуудлыг юуны өмнө төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбож үзэх, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг, ажлыг дүгнэх  шалгуур, тогтолцоог тодорхой болгох, төрийн дархлааг  хамгаалсан заалтыг, хөндлөнгийн мониторинг хийх аргачлалыг хуулийн төсөлд тусгах зэрэг талаар  гишүүд саналаа илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудлаар хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байр сууриа илэрхийлж товч үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, хариуцлагын тогтолцоотой болох талаар их ярьсан. Бид яриад байсан, хариуцлагаасаа болгоомжлоод байдаг байсан. Үүнээс болж нийгэмдээ хариуцлагын тогтолцоог оруулж ирж чадаагүй. Шинэ хууль, шинэ харилцаа учраас Ерөнхийлөгчийн хувьд энэ бүхнийг нэгтгэж, бүрэн гүйцэд,  иж бүрэн томьёолно гэдэг хэцүү байлаа. Хамгийн гол нь  хариуцлагын хуультай болох ажлыг эхлэх ёстой гэж үзсэн тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад төр хариуцлагатай  байх юм бол засаглах ёс зүйн эрхтэй болно. Бусдаас  хариуцлага шаардах ёс зүйн эрхтэй болно. Ардчилсан нийгэм бол эрх, үүрэг, хариуцлагын зохистой нэгдэл юм. Хуулийн хэм хэмжээгээр хариуцлага тооцдог болох нь чухал юм гэдгийг  тэрээр онцлон хэллээ.

Энэ хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх / 51 гишүүн буюу 87.9 хувь/ дэмжээгүй тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүллээ.


Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй