Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016-04-21 17:16:47

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Үонг Чу Лью тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад тус улсын зүгээс өндөр ач холбогдол өгч оролцоно гэдэгт итгэлтэй байна хэмээгээд талархал илэрхийлэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Үонг Чу Лью Улсын Их Хурлын даргад хариу талархал илэрхийлээд Монгол Улсад дахин ирсэндээ баяртай байгаагаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ болон Гадаад хэргийн яам, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн албаны бусад хүмүүс байгааг танилцуулав.

Монгол Улсын гадаад бодлогын гол зорилтуудын нэг бол Ази-Номхон далайн орнуудтай уламжлалт найрсаг харилцаагаа өргөжүүлж, тэр дундаа хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагааг улам хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцолсон. Мөн тэрээр, Монгол Улс Зүүн Өмнөд Азийн уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүхий л түвшинд идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт улам эрчимжүүлэхийг зорин ажиллаж байна. Монгол Улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлж, АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ны яриа хэлэлцээний түнш болох зэрэг зорилт тавьж буйгаа тэмдэглээд БНСВУ дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Үонг Чу Лью хэлэхдээ, Хоёр орны хамтын ажиллагаа салбар бүрт сайн байгаа, ялангуяа парламентын түвшний харилцаа улам батжиж байгаад баяртай байдгаа онцолсон. Өнгөрсөн жил БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилсан нь үүний тод жишээ болж байна. Манай улс идэвхтэй гадаад бодлого хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Вьетнамын дайны үед болон түүний дараа Монгол Улс бидэнд дэмжлэг үзүүлж байсанд талархаж байдаг. Боловсролын салбарт ч та бүхний оруулсан хувь нэмэр их бөгөөд манай олон оюутанд тэтгэлэг олгосон. Цаашид бид зам тээврийн салбарт түлхүү анхаарч хоёр улсын хооронд бизнес хийх боломжийг олгох тал дээр Засгийн газрууд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Үндэсний Ассамблейн дэд даргын энэхүү саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр дахин уулзах боломж гарна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


УИХ-ын дарга З.Энхболд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй