Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016-04-21 17:52:10

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима, Т.Мики нарыг өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэлээд хоёр орны хамтын ажиллагаанд Японы парламентын хоёр танхимын дарга нар, парламентын гишүүд, парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ.

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима, АСЕМ-ын 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ыг амжилттай зохион байгуулахыг дэмжин ажиллах болно хэмээлээ.

Тэрбээр “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (ЕРА)-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа дурдаад үүнийг амжилттай хэрэгжүүлж, хоёр талдаа ашигтай байхын төлөө зүтгэн ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний харилцан урсгал, цаашлаад иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой хэмээн онцолсон. Тэрбээр, энэхүү хэлэлцээрт түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ (Production network), Эдийн засгийн хэлхээ холбоо (Economic Connectivity)-нд нэгдэх эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын дарга Японы Кюшу мужийн Кумамотод болсон газар хөдлөлтийн гамшгийг арилгахад манай улсын зүгээс туслахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Ноён М.Наошима Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол-Японы төвийн үйл ажиллагаатай танилцахдаа тус төвөөр дамжуулан олон монгол хүн Японд суралцах боломжийг олж авч байгааг дурдаад цаашид хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын хамгийн олон гишүүнтэй нь Япон-Монголын найрамдлыг бүлэг гэж хэлсэн.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэг мөн хамгийн олон буюу 53 гишүүнтэй болохыг дуулгаад Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Наошима Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх хугацаандаа хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр УИХ-ын дарга АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Японы Ерөнхий сайд оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.


УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй