
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцогчдод зориулан хийсэн хүндэтгэлийн зоогийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд эрхэм зочдод хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт парламентчид аа,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буй зочид төлөөлөгч Та бүхэн миний урилгыг хүлээн авч, энэхүү хүндэтгэлийн зоогонд хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж, энэ оройн мэндийг дэвшүүлье.
Ази-Европын Парламентын түншлэлийн үйл явцын салшгүй нэг хэсэг нь Ази-Европын Парламентчдын уулзалт билээ. Энэ удаагийн Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Ази-Европын Парламентын түншлэлийн болон Ази-Европын дээд түвшний уулзалтын 20 жилийн ой бүхий хоёр чухал ач холбогдолтой үйл явдал давхцаж буйгаараа онцлогтой болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн ярьдаг. Ази-Европын парламентчид бид хоёр тивийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, Ази-Европын түншүүдийн нийтлэг сонирхол бүхий өргөн хүрээний асуудлуудаар улс төрийн яриа хэлцээ өрнүүлэх, худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоо бэхжүүлэх, нийгэм, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хоёр тивийн ард түмнүүдийг ойртуулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцлээ.
Ази-Европын Парламентын Түншлэлийн цаашдын ажлын арга барилыг сайжруулах, хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, мөн АСЕМ-ын үйл явцын хүрээнд төр засгийн газрууд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, залуучуудын болоод АСЕМ-ын үйл ажиллагаанд шинээр нэмэгдэн оролцож буй төлөөллүүдийн уялдаа холбоог боловсронгуй болгох талаар шинэ санаанууд гарсныг тэмдэглэхэд таатай байна.
Бид мөн манай хоёр тив болон дэлхий нийтэд тулгараад байгаа шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцож тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжуудын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хатагтай, ноёд оо,
Монголчууд бид “Гараа сайн бол бариа сайн” гэж хэлдэг. Ази-Европын дээд түвшний уулзалтын хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт ийнхүү Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөж байгааг хэлэхэд баяртай байна. Уулзалтын үеэрх нэгдсэн болон салбар хуралдаанууд, хоорондын хуралдаануудын үеэр та бүхний дэвшүүлсэн үнэтэй санал санаачлага та бидний цаашдын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулахын сацуу, ирэх 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үр дүнд ач холбогдолтой байх нь дамжиггүй.
Бидний амжилтын “түүчээг” үргэлжлүүлж, ирэх саруудад болох АСЕМ-ын хүрээний дараа дараагийн арга хэмжээнүүд амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад оролцогчдод зориулсан хүндэтгэлийн зоогийн үеэр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.