
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай нарын гаргасан мэдээллийн дагуу УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нзгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүунийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурджээ. Харин Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж үзжээ.
Иймээс Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас асуулт асууж тодруулсан юм. Харин Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг “Цэцийн дүгнэлт олон эргэлзээ үлдээж байна. Цэц яг энэ асуудлаар 2012 онд маргаан үүсгэхээс татгалзаж байсан бол энэ удаад Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Гэтэл дэлхийн улс орнууд сонгуулийн шууд тогтолцооноос хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжиж байна. Тухайлбал, 79 орны жишээн дээр авч үзэхэд 52 нь хувь тэнцүүлсэн, 12 нь холимог тогтолцоотой бол үлдсэн орнууд нь сонгуулийн шууд тогтолцооноос холимог руу шилжихийг тууштай эрмэлзэж байх жишээтэй. Гэтэл цэц дэлхийн улс орнуудын чиг хандлагыг анхаарч үзсэнгүй, үндсэндээ энэ нь том ухралт боллоо гэж харж байна.
Цэцийн энэ шийдвэр нь сонгогчдын санал гээгдэх, жижиг намууд, тэр дундаа иргэдийн талаас илүү хувийг төлөөлдөг эмэгтэйчүүд төрийн эрх барих байгууллагад сонгогдох үүд хаалга хумигдахад хүрэх сөрөг үр дагавартай юм. Иймээс цэцийн дүгнэлттэй холбогдуулж гишүүд энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзэж байна” гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэц өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа. Цэц үнэхээр шүүх юм бол нэг агуулгатай асуудлаар ингэж хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Тэр дундаа сонгуулийн тогтолцооны тухайд биш, сонгуулийн хэлбэрээр нь шууд, шууд бус гэж үзэж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл цэцийн энэ удаагийн дүгнэлттэй холбогдуулан бусад орнуудын нийтлэг жишиг хандлагыг ажиглахад дэлхийн ихэнх орнуудад парламентын гишүүдээ намын жагсаалтаар шууд сонгодог, үүнийгээ хуульчилж өгсөн байдаг юм байна. Ингэж сонголоо гээд Үндсэн хуулийн шүүх нь маргаан үүсгэсэн тохиолдол үгүй юм байна. Тиймээс бид дэлхийн бусад орны ерөнхий жишиг, чиг хандлагыг анзаарч харж байх учиртай. Нөгөө талаар улс төрийн ойлголтоо зөв болгох, бусдын сайн туршлага, давуутай аргыг авч хэрэглэх нь зайлшгүй чухал юм гэдгийг хэлж байв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Цог бид Үндсэн хуулиа яс ойлгож, нэг мөр мөрдөж байх ёстой. Үндсэн хуулиа үл тоомсорлож, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг байж болохгүй гээд цэц иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг харгалзан үзсэн, зөв зүйтэй шийдвэр гаргасан гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар уг дүгнэлтийн заалт, хэсэг тус бүрээр санал хураалт явуулахаар болов. Энэ үед Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа тул санал хураалтад оролцох боломжгүйгээ хуралдаан даргалагчид мэдэгдлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул хуралдаан даргалагч энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Цэцийн дүгнэлтийг зөвшөөрөх нь зүйтэй гэв | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.