Шууд Chart

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив

2016-04-27 13:02:25

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1-8 дах заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул Шүүх байгуулах тухай хуулийн дээрх зүйл, заалттай холбогдон үүсэж буй асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдах юм байна. Шинээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай 52 давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник зохион байгуулалтын ажилд нийтдээ 10,4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Иймээс улс орны эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд хуулийг дараах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Үүнд:

  1. Давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгчдийг нүүлгэж аймаг бүрт /Орхон, Дархан-Уул аймгаас бусад/ ерөнхий шүүгч-1, иргэний-1, эрүүгийн-1, нийт 3 шүүгч ажиллуулна. Ингэснээр шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.
  2. Хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул ойролцоо аймгийн шүүхээс бүрэлдэхүүнийг томилон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангана. Процессийн хуулиудад бүрэлдэхүүнтэй холбоотойгоор зохих өөрчлөлтүүдийг оруулна.

2014, 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлангаас харвал 2-3 аймаг дунд байрлах давж заалдах шатны эрүүгийн хэргийн нэг шүүгчид дундажаар 31 хэрэг, иргэний нэг шүүгчид дундажаар 24 хэрэг тус тус ноогдож байна. Шинээр байгуулагдах Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул шүүн таслах ажиллагааны тайлантай уялдуулан томилолтоор ажиллах шүүгчийн тоо, давтамж өнөөгийнхөөс 3 дахин нэмэгдэж, үүнд 145 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болно.

  1. Хуулийн төслөөр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулснаар одоо үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны 99 шүүх нийт 114 болж, шүүхийн тоо 15-аар нэмэгдэх хэдий ч “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын 2015 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан 693 орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцож төслийг шинэчлэн боловсрууллаа. Төсөлд Шүүн таслах ажиллагааны 2014, 2015 оны тайлан, нэг шүүгчид ноогдох хэргийн ачааллыг харгалзан үзэж ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс ачаалал бага зарим орон нутгийн шүүхийн шүүгчдийн тоог хасаж, ачаалал ихтэй шүүхийн шүүгчдийн орон тоог нэмэх байдлаар тусгалаа.

Дээрх байдлаар хуулийг хэрэгжүүлснээр төсөвт ихээхэн хүндрэл учруулахгүйгээр хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Улмаар давж заалдах шатны шүүхийг иргэдэд ойртуулж, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үндсэн хуулийн суурь зарчим хангагдана гэдгийг тэрэр онцолсон юм.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 59 дүгээр тогтоолыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг боловсруулжээ.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй