Шууд Chart

Эмнэлэгийн засаглалын асуудлыг сайжруулсан хууль батлагдлаа

2016-04-28 14:38:08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцуулга хийв. Тэрбээр, Эрүүл мэндийн тухай хуульд монгол хүний эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байх ёстой гэж заасны дагуу энэ хуулийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчид боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Хүн өвдсөн бол тухайн хүнд зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, хүний нөөцийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харж байгаа. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ дөрвөн жилд чухал алхамууд хийгдлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өмнө нь батлагдсан бол одоо Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Мөн ойрын үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Өнөөдөр иргэд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа яавал санхүүгийн эрсдэлд орохгүй байх асуудлыг голлон анхаарсан. Эмнэлэг өнөөдөр боломжиндоо тулгуурлаж, зөвхөн төсөвт найдаж хөгжих биш зорилтондоо тулгуурлаж хөгжих ёстой. Энэ хууль гарснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, санхүүжүүлэх, хянах нарийвчилсан зохицуулалт бий болж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулинд заасан нийгмийн баталгаанууд хэвээр мөрдөгдөхөөр тусгагдсан. Эмнэлэг, эмч нар, эмнэлгийн ажилтнууд үнэ цэнэтэй байж эрүүл мэнд үнэ цэнэтэй байна гэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ, энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл хийсэн хууль болсон гэж үзэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл удаан хугацаанд яригдсан. УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж өргөн барьсаны дараа мөн Засгийн газар хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн талаар ярихын тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас эхлэх ёстой гэж боддог. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тогтолцооны хувьд шинэчилж төр, хувийн хэвшлийг ялгалгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих бололцоог нээж өгсөн. Хэн үйлчлүүлэгчээ татаж чадсан, хэн чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадсан эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас ахиу санхүүжилт хүртэх бололцоо бүрдсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль нь эмнэлэгийн засаглалын асуудлыг сайжруулснаараа онцлогтой хууль болсон гэлээ.


Эмнэлэгийн засаглалын асуудлыг сайжруулсан хууль батлагдлаа   
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй