
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн Албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын З.Энхболдод өргөн барив.
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ажилтай, орлоготой Монгол хүн” зорилтыг биелүүлэхийн тулд бизнесийг дэмжсэн татварын хоёрдох үе шатны шинэчлэлийг хийхээр заасан байдаг.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр ашиглагдаж буй 1600 гаруй том, дунд, жижиг оврын автобусны насжилт 10-20 жил, гүйлт 600.0 мянган км-ээс дээш байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээний салбарын тулгамдсан гол асуудал болсон. Парк шинэчлэх зорилгоор 2016-2020 онуудад нийтийн тээврийн том, дунд оврын автобус гадаадаас худалдан авахад Монгол Улсад 400.0 сая ам.долларын төсөв шаардагдана. Энэ эрэлтийн 20 хувийг дотоодоос хангах, жилд евро стандартын 120 автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэхээр үндэсний компаниуд 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5340 м.кв үйлдвэрлэлийн талбайд угсралтын 56 дамжлага бүхий үйлдвэр байгуулж байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.
Үндэсний компаниуд 2015 онд евро стандартын 20 автобусыг угсарч үйлдвэрлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлж, Монгол улсад машин байгууламжийн үйлдвэрлэл хөгжих суурийг тавьсан. 20 ширхэг автобусыг угсарч, үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гаалийн албан татварт 385 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 449 сая төгрөгийн татварыг төлсөн байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлд 106,4 сая төгрөг, хүн амын орлогын албан татварт 39,9 сая төгрөг, цалин хөлсөнд 494.9 сая төгрөг, дотоодоос худалдан авсан эд анги, ажил үйлчилгээнд 380 сая төгрөг төлж, нийтдээ 1 тэрбум 21 сая төгрөгийн нэмүү өртгийг Монгол Улсад бий болгожээ.
Хагас иж бүрдлийн нөхцлөөр импортлон оруулж буй манай улсад үйлдвэрлэдэггүй автомашины мотор, хурдны хайрцаг, явах эд ангийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөнөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
Хууль хэрэгжих 4 жилийн хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 7.6 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг үзүүлэхэд Евро-4 хөдөлгүүртэй, порталь тэнхлэг бүхий 480 ширхэг автобусны угсралт үйлдвэрлэлээс Монгол улсад 20.3 тэрбум төгрөгийн нэмүү өртөг, мөн 220 хүний ажлын тогтвортой байр бий болох тооцоо гарч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бизнесийг дэмжсэн татварын хоёрдох үе шатны шинэчлэлийг хийх зорилтыг хэрэгжүүлсэн ажил болох юм байна.
Авто машины мотор, хурдны хайрцаг, явах эд ангийг татвараас чөлөөлнө | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.