
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах тухайболон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Тус Байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот тогтоолоор Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажилласан.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийж дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.
Ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт тусгагдсан төрийн цэргийн байгууллын удирдлага гэсэн зохицуулалтыг нэмэх, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх байгууллагуудыг тодотгох, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтой байх зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг гаргаж Байнгын хорооны хуралдаанд оруулан хэлэлцүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн талаарх зарчмын болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Батлан хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.