
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг хэлэлцжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчнийг Үндсэн хуульд зааснаар “өөрийгөө хамгаалах” гэж тодотгох, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бус Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч томилох, чөлөөлөх зэрэг саналууд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна.
Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Л.Болд зэвсэгт хүчний бүтцэд цэргийн цагдаагийн нэгжтэй байх, түүний ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтоох гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонхи мөн дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асуусан. Тэрбээр, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын эрх мэдлийн хуваарилалт ярвигтай байдаг. Үүнийг засч оруулж ирсэн үү гэж лавласан. Ажлын хэсгийн гишүүн Ж.Энхбаярын хариулсанаар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хоорондын олон жил зохицуулалтгүй байсан харилцааг хуулиар зохицуулж оруулж ирж байгаа аж. Цэргийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлага гэж ангилсан тодотгосон бөгөөд цэргийн захиргааны, цэргийн мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штаб шийдэж явах бол БХЯ улс төрийн асуудлаа хариуцаад явахаар хуульд тусган заагласан гэлээ.
Үүний дараа Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хоорондын харилцааг зохицуулна | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.