
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо Г.Шийлэгдамбыг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, түүний оронд С. Ламбааг томилох саналыг тус тус дэмжсэн байна.
С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлж байгаа бөгөөд томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлэхдээ, нэг сарын хугацаанд юу хийх, энэ салбарын өнөөгийн байдалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа талаар асуухын сацуу гол нь салбарын ажлыг тогтвортой байлгах, салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд түүний дотор эхийн эндэгдлийн асуудал, улаан бурхан өвчний тархалтыг бууруулах, сэргийлэх, салбарын ажилчдын нийгмийн асуудал, удирдлага, менежментэд анхаарах зэргийг чухалчиллаа.
Өмнө нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх тухайлбал, оношилгоо, эмчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай журмыг боловсруулж гаргах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд анхаарах талаар С.Ламбаа ярив.
Энэ салбарыг эзэнгүй орхигдуулаагүй, ажил нь зогсоогүй, томилгоотой холбоотой асуудалд хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цохон хэллээ.
Хэлэлцүүлгийг явцад УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан тул хойшилсон юм.
С.Ламбаа сайд болвол өмнө нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлнэ гэв | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.