Шууд Chart

Улстөрчдийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон хуулийг хэлэлцэж эхэлнэ

2016-05-20 17:15:01

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, өнөөдрийн УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар миний гурван жилийн өмнө өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо гэсэн юм.

Дээрх хуулийн төсөлд төрийн, улстөрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд оффшор данс эзэмших, нээх, оффшор бүсэд мөнгө байршуулахыг хориглох заалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг гурван жилийн өмнө хэлэлцэн шийдсэн байсан ч анхны хэлэлцүүлгийг хийлгүй гурван жил болсон гээд оффшорын асуудлыг нийгмээрээ мэддэг болсон энэ үед хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж батлагдана гэдэгт итгэлтэй байна. УИХ дахь АН-ын болон МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхи энэ хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэлээ.

Тэрбээр мөн “Эрдэнэт” үйлдвэрээс алга болсон олон сая ам.доллар оффшор руу орсон гэсэн мэдээлэл байгаа гээд энэ мэдээллийг шалгуулахаар Өргөдлийн байнгын хороо хууль хяналтын байгууллагад хандаж байгааг дуулгалаа.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд иргэн н.Чадраабалаас ирүүлсэн өргөдөлд дурдагдсан “Хан ресурс”-т төлсөн 70 сая ам.долларын өр бий болсон асуудал, “Жаст” нэртэй компанид “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаалан 150 сая ам.долларын вексель бичсэнтэй холбоотой асуудлаар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас тайлбар авахаар дуудуулсан хэмээлээ. Энэ чиглэлээр Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг ирэх долоо хоногт зохион байгуулах болсноо мөн хэллээ.


Улстөрчдийг оффшор бүсэд данстай байхыг хориглосон хуулийг хэлэлцэж эхэлнэ  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй