Шууд Chart

Д.Баяндүүрэн: Нэр дэвшигчдийг бүртгэж чадахгүй нөхцөл байдал үүсдэг

2016-05-24 11:16:40

Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ажил өчигдрөөс эхэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй холбоотойгоор Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу нам, эвслээс нэр дэвшүүлэх хугацаа хойшилсон. Бие даан нэр дэвшигчдийн тухайд тавдугаар сарын 23-наас эхлээд аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дээр очоод дэмжигчдийн гарын үсэг цуглуулах маягтаа авах ёстой.

Өмнө нь сонгуулийн тойргийн хороод дээр нэр дэвшигчдийг бүртгэдэг байсан. Энэ удаад бол Сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэнэ. Нам, эвслүүд тавдугаар сарын 30-наас өмнө хүмүүсийнхээ бичиг баримтыг бүрдүүлж ирэх ёстой. Нам, эвслийн хурлын тэмдэглэл, тогтоол, нэр дэвшигчийн намтар, ял шийтгэлгүй тухай тодорхойлолт, татварын өргүй тухай тодорхойлолт, хөрөнгө орлогын мэдүүлэг гэх мэт нийтдээ 11 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Өмнөх сонгуулийн жишээнээс харж байхад нам, эвсэл, бие даагчид материалаа дутуу бүрдүүлснээс болж маргаан гардаг, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх гэх мэт нөхцөл байдал үүсдэг. Тиймээс нэр дэвшигчид материалаа сайн, гүйцэд бүрдүүлж өгөх ёстой.

-Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг тавдугаар сарын 30-наар дуусгавар болгох нь байна?

-Тийм, тавдугаар сарын 30-ныг дуустал Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Харин бие даан нэр дэвшигчдийн тухайд зургаадугаар сарын 1-нээс дуусгавар болно.

-Нэр дэвшүүлэх албан ёсны компанит ажил эхлэх хүртэл сонгуулийн сурталчилгаа ярихгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хүн ямар нэг байдлаар гарч болох уу?

-Сонгуулийн хуулиар нэр дэвшигч гэдэг бол Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн хүнийг хэлнэ. Тэгэхээр үүнээс хойшихийг нь бол сонгуулийн сурталчилгаа гэж тооцно. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаанд намайг сонгоорой, дэмжээрэй  гэх мэтээр сурталчилгаа явуулж болно. Үүнээс өмнө явагдаж байгаа зүйлийг бол сонгуулийн байгууллага ч юм уу хэн нэгэн этгээд тогтооход хэцүү. Харин яг намайг сонгоорой гэсэн утга агуулга бүхий нэвтрүүлэг явсан бол тэр хууль тогтоомж зөрчсөн болно. Түүнээс албан ёсоор үнэмлэх, мандатаа аваад албан ёсоор нэр дэвшигч болоогүй хүн өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд асуудал ярих нь хуулиар хориглогдоогүй.

-Одоогоор сонгуулийн бэлтгэл ажил хэр хийгдэж байна вэ?

-Техник хэрэгслийн хувьд бэлтгэл ажил хийгдэж байна. Саналын хуудасны тухайд загварууд нь гарч байна. Одоо аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болсон учраас аймаг, нийслэлийн сонгуулийн саналын хуудас бол гарчихсан. Нэр дэвшигчид сонгуулийн саналын хуудсан дээр бичигдсэний дараа сонгуулийн техник хэрэгслээ тестэлж үзнэ. Тагнуулын байгууллага, аюулгүй байдлын байгууллага хамтарсан ажлын хэсэг гарч техник хэрэгслээ шалгана.

-Сонгуулийн хуулийг их сүүлд шинэчилсэнтэй холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажилд ямар нэг саад болж байгаа зүйл байна уу?

-Хууль шинээр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бидний хувьд цаг хугацаа шахагдаж байгаа ажил бол саналын хуудас, нэр дэвшигчдийг бүртгэх ажил байгаа. Гэхдээ энэ ажлыг цаг хугацааны хувьд бүрэн төлөвлөөд явж байна. Санал авах төхөөрөмжөө нам, эвслийн төлөөллүүдээ бүгдийг нь байлцуулж байгаад шалгаж үздэг. Энэ ажил удахгүй хийгдэнэ.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Баяндүүрэн: Нэр дэвшигчдийг бүртгэж чадахгүй нөхцөл байдал үүсдэг  
Үзсэн: 2354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй