Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав

2016-05-24 18:01:43

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр Гаалтыг хүлээн авч уулзав.

Элчин сайд Женифэр Гаалт, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Ардчиллын түншлэлийн байгууллагын шугамаар АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирнэ гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ардчиллын түншлэлийн байгууллага нь Улсын Их Хуралтай 2006 оноос хойш амжилттай хамтран ажиллаж буйг дурдаад, Конгрессын гишүүдийг хүлээн авахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. 

Мөн Улсын Их Хурал сайн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд ихээхэн ач холбогдол өгч буйг тэрбээр дурдаад, энэ чиглэлээр Америкийн талтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг хэллээ. 

Уулзалтын үеэр талууд Ил тод байдлын хэлэлцээрийн талаар санал солилцсон юм. Монголын талаас уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход анхаарч буйг Улсын Их Хурлын дарга тодотгоод, энэ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой, ил тод байдлыг хангахад чухал болохыг дурдаж байлаа.


УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй