
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд байнга оршин суугч 2300 гаруй өрх байдаг. Харин зуны улиралд энэ өрхийн тоо 25 мянга орчим болж нэмэгддэг нь хог хаягдлын үйлчилгээний ажлын ачааллыг энэ хэмжээгээр нэмж байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв болон хог тээврийн компанийн төлөөлөлтэй уулзаж, зуслангийн бүсийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хэрхэн алдагдалгүй төвлөрүүлэх талаар санал солилцлоо.
Мөн зусланд гарч байгаа айл өрхийн болон цахилгаанд холбогдсон айл өрхийн мэдээллийн сан үүсгэх, өрх бүрийг тоолууржуулах, цахилгааны болон хог хаягдлын хураамж төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг ирэх 6, 7 дугаар саруудад зохион байгуулах, түүнчлэн айл өрхүүдэд цахилгааны төлбөр, хог хаягдлын хураамжаа цаг тухайд нь төлж хэвших талаар мэдээлэл, уриалгыг хүргүүлж ажиллахаар боллоо.
Дашрамд дурдахад, зуслангийн бүсээс хог хаягдлын үйлчилгээний хураамж гэж нэг өрх сард 2500 төгрөг төлдөг. Энэ хураамжийг төлдөг айл мянга гаруй л байдаг байна. Хог хаягдлын үйлчилгээний хураамж дүүргийн татварын дансанд УБЦТС ХК-аар дамжин сардаа 2.6 сая төгрөг төвлөрдөг бөгөөд эргээд хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлдэг. Гэтэл зуслангийн бүсийн хог хаягдлын үйлчилгээний зардал сард 15-18 сая, зуны улиралд 30-35 сая төгрөгийн зардал гаргадаг нь хог тээврийн компаниуд алдагдалтай ажиллах гол шалтгаан болдог ажээ.
Зуслангийн айлуудын цахилгаан болон хог хаягдлын хураамжийн талаар санал солилцлоо | ||
Үзсэн: 1434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.