
Твиттерийн нийт хаягийн ойролцоогоор 4 хувь нь хуурамч байдаг. Энэ нь дунджаар 20 сая хуурамч хаяг твиттерт байгаа болохыг харуулж байна. Эдгээр хуурамч хаягийг ямар санаа, зорилготой болохыг тодорхойлоход амаргүй.
Хэдийгээр твиттерийн дүрмээр “элэглэл”, “мэдээ, мэдээлэл”, “тайлбар” болон фэн хаяг үүсгэхийг зөвшөөрдөг ч тийм хаяг нь албан ёсных биш буюу дээрх ангиллын хаяг гэдгийг тодотгосон байх шаардлага тавьдаг.
Монгол Улсад ч хуурамч хаягийн давлагаа нэгэнт бий болсон. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийн @altankhuyag_mn хаягийг дуурайлгасан @aItankhuyag_mn хаяг нэг хэсэг бусдын нэр барьж мэдээллийг зориудаар гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлсэн. Энд “L” үсгийн оронд “i” үсгийг томоор бичиж “I” болгосон байгаа юм. Үүнтэй ойролцоо жишээ бол Монголын медиа корпорацийн Ийгл Ньюс ТВ-ийн албан ёсны твиттер хуудас @Eaglenewssocial – г дуурайлгасан хуурамч юм. Дээр дурдсан хоёр хуурамч хаягийн жинхэнэ эзэд нь Твиттерт гомдол гаргаж устгуулсан.
Мөн иргэний дүрсийг буюу зургийг зөвшөөрөлгүй ашигласан, олон нийтэд үзүүлснээс гэм хор учруулсан бол гэм хорыг арилгах үүрэгтэй. Өнөө цагт Монголд тухайн хаяг хуурамч байх магадлалтай байхад түүнтэй харилцах, хувийн мэдээллээ өгөх зэргээр хохирч байгаа нь хүмүүсийн хайхрамжгүй байдалтай холбоотой байна.
Твиттер дэх хуурамч хаягуудыг хэрхэн таних хэд хэдэн арга бий. Товч танилцуулъя.
- Хуурамч хаягууд өндөгний зурагтай буюу зураггүй байдаг
- Хуурамч хаягууд бусад вэб сайт дээр нийтэлсэн гэрэл зургийг хувийн зураг болгон нийтэлсэн байдаг
- Хуурамч хаягуудад танилцуулга/намтрын мэдээлэл байдаггүй
- Нэг бичлэг буюу жиргээг хэд хэдэн удаа давтсан байдаг. Энэ нь бусад хэрэглэгч рүү хариу бичих хэлбэрээр хэд хэдэн удаа нэг бичлэгийг давтсан шинжтэй байдаг.
- Дэлгэцийн нэр болон URL буюу хаягийн холбоос дээрх нэр нь огт хамааралгүй байдаг.
- Замбараагүй, утга авцалдаагүй бичвэр-жиргээг нийтэлсэн байдаг
- Идэвхгүй буюу бичвэр оруулаагүй олон жил болсон байдаг
- Хэрэглэгчийг дагах боломжтой тооны хязгаарт хүрсэн байдаг /Твиттерт бусад хэрэглэгчийг дагах тооны хязгаарыг 2000 гэж тогтоосон байдаг. Энэ нь бусад хэрэглэгч таныг эргэн дагасан үед өсөх боломжтой/
- Бусад хэрэглэгчтэй огт харилцаагүй байдаг
- Дагагчгүй буюу маш цөөн дагагчтай байдаг /Дагасан хүнийх нь тоо олон хэдий ч өөрийг нь дагасан хүн байхгүй буюу маш цөөн байгаагаар үүнийг тодорхойлж болно/
- Бодит бус буюу маш их хэмжээгээр бичвэр-жиргээ нийтэлсэн байдаг.
Харин фэйсбүүкийн хувьд дунджаар 5-10 хувь буюу ойролцоогоор 140 сая хуурамч хаяг фэйсбүүкт байдаг. Фэйсбүүкийн хувьд 2012 оноос эхлэн эдгээр хуурамч хаягийг устгаж эхэлсэн. Ийм хуурамч хаягийг фэйсбүүкт мэдэгдэх буюу устгуулах тохиргоо бий. Фэйсбүүк дээрх хаягийг жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд түүний найзууд, бичлэг, зургийг сайтар анхаарч шалгах хэрэгтэй. Мөн тан руу бичсэн зурвас этгээд, эвгүйцэм байгаа тохиолдолд тийм хаяг хуурамч буюу хүний нэр, зураг ашигласан байх магадлалтай.
Дүгнэвэл, бидний өдөр тутмын хэрэглээ болж, ихээхэн цаг зарцуулах болсон фэйсбүүк, твиттерт төрөл бүрийн санаа, зорилгоор үүсгэсэн хуурамч хаягууд олноор байсаар, алга болохгүй бөгөөд ийм хуурамч хаягуудаас буруу мэдээлэл авах, хувийн мэдээллээ алдах, нэр төр гутаагдах эрсдлээс сэргийлэхийн тулд жинхэнэ, бодит хаягийг хайж олж дагах буюу нэгдэж байх нь зүйтэй байна.
Twitter Admits 5% of Its 'Users' Are Fake by Jillian D'Onfro. Oct. 3, 2013 http://www.businessinsider.com/5-of-twitter-monthly-active-users-are-fake-2013-10
Twitter: Parody, commentary, and fan account policy https://support.twitter.com/articles/106373
11 Easy Ways To Spot a Fake Twitter Account by Chris Makara http://chrismakara.com/social-media/11-easy-ways-to-spot-a-fake-twitter-account/
Facebook has no idea how many fake accounts it has — but it could be nearly 140M by Rebecca Grant. February 3, 2014 http://venturebeat.com/2014/02/03/facebook-has-no-idea-how-many-fake-accounts-it-has-but-it-could-nearly-140m/
Facebook’s war on zombie fans just started with a boom by John Koetsier. September 26, 2012 http://venturebeat.com/2012/09/26/facebook-fake-fans-followers/
How do I report a fake account? https://www.facebook.com/help/167722253287296
How to Reveal a Fake Facebook Account http://www.wikihow.com/Reveal-a-Fake-Facebook-Account
Цахим орчин дахь хуурамч хаяг, төөрөгдүүлэх мэдээллийг ялган таних нь | ||
Үзсэн: 3379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.